Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Өвөрхангай, Увс аймгуудад бороо орсон. Баян-Өлгий аймагт уулаараа бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар 8-13 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 19-21 градус дулаан байна.

Төлөв байдал: 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, уулархаг нутгаараа нойтон цас орно. Салхи секундэд 7-12 метр, 25-нд нутгийн баруун хагаст, 26, 27-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 25-нд баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна.

2. Гал түймэр:

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 4 дүгээр багийн “НД” ХК-ийн асфальтын үйлдвэр Асфальтан замын тос хайлуулах зууханд гал гарч байна гэсэн дуудлагыг 09.23-ны өдрийн 11:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 11:25 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Боржигон” 6 дугаар багийн Цагдаагийн хяналтын цэгийн дэргэд ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.23-ны өдрийн 12:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 12:48 цагт очиж “Ю ЭМ ААЯ” ХК-ийн “Норд бенз” загварын ачааны автомашины бүхээг шатаж байсныг 17 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Наран багийн 33 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.23-ны өдрийн 10:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 4.3 км замыг туулан 10:13 цагт очиж иргэн С-ийн 5х6 метрийн хэмжээтэй байшингийн дотор хэсэг  шатаж байсныг 29 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 7-1 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.23-ны өдрийн 11:39 цагт хүлээн авсан. Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 11:43 цагт очиж иргэн Б-ийн 20х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 10 дугаар багийн “Цаг-Уур”-ын 1 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 09.23-ны өдрийн 12:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 1.3 км замыг туулан 12:46 цагт очиж иргэн А-ийн 2х2.5 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр багийн Хялганат тосгоны Ойчдод өвс шатаж байна гэсэн дуудлагыг 09.23-ны өдрийн 13:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 13:46 цагт очиж иргэн Л-ын хашаанд 3 тн өвс шатаж байсныг 41 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Замчны гудамжинд эзэнгүй айлаас утаа гарч байна гэсэн дуудлагыг 09.23-ны өдрийн 19:44 цагт хүлээн авсан. Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 23.5 км замыг туулан 20:05 цагт очиж иргэн Ч-ын 10х7 метрийн хэмжээтэй байшингийн дотор тал шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

3.Зам тээврийн осол:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Ургах наран” хорооллын зүүн талд Зам тээврийн осол гарсан тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 09.23-ны өдрийн 00:25 цагт хүлээн авсан.Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 20 км замыг туулан 00:47 цагт очиж “Мерседэс бенз” загварын суудлын автомашин, “Хово” загварын ачааны автомашины араас мөргөсөнөөс суудлын автомашины жолооч Д /18 настай, эрэгтэй/ төмөр хийцэт хавчуулагдан нас барсан байсныг 13 минут ажиллаж цогцсыг гарган Тээврийн цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Тариахтайн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 160 км-т, сумын төвөөс хойд зүгт 30 км-т/ Орхон аймгийн харьяат иргэн Л/59 настай, эрэгтэй/ 09.14-ний өдрийн 17:00 цагийн орчим самар түүж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 09.15-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн алба хаагчид 23-ны өдрийн 08:30 цагаас эхлэн Тариахтай багийн “Тариахтайн даваа” гэдэг газраас баруун зүгт 5 км, хойд зүгт 15 км, нийт 20 км явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:33 цагт түр зогсоосон. 09.24-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Их булаг багийн “Онгийн голын Дунд гарам’’ гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 15 км, сумын төвөөс зүүн зүгт 50 км/-т Иргэн Э /32 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ 09.23-ны өдрийн 19:00 цагийн орчим үхэртээ яваад сураггүй болсон тухай дуудлагыг 09.23-ны өдрийн 22:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Тарагт сумын цагдаагийн алба хаагчид 00.05 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хар-Уул багийн “Алтай таван богд” уулын “Ерөнхийлөгчийн-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 210 км, сумын төвөөс баруун зүгт 130 км/-т 15 том хүн, 3 автомашинтай аялж яваад хүчтэй цасан шуурганы улмаас зам харагдахгүй, уулнаас буух боломжгүй болсон тухай дуудлагыг 09.23-ны өдрийн 16:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 09.23-ны өдрийн 17:20 цагт гарсан ба дээрх иргэдтэй 20:40 цагт холбогдоход хүмүүсийн бие хэвийн, цас орохоо больсон гэсэн мэдээллийг өгсөн. 09.24-ний өдрийн 01:10 цагт Эрэн хайх, аврах бүлэг тухайн иргэдийн байгаа газраас 15 км зайтай уулын бэлд очиж, 09.24-ний өдрийн 07:00 цагт аврах ажиллагааг эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top