Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Завхан, Ховд аймгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 9-14 м/с, баруун аймгуудын нутгийн зарим газраар 18-20 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар 4-9 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүсч 22-24 градус дулаан байна.

Төлөв байдал: 26-ны өдөр баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 29-ны өдөр баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 7-12 м/с, 26, 27-ны өдөр говь, тал, хээрийн нутгаар, 28, 29-ны өдөр Алтайн салбар уулсаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. 26-ны өдөр нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 градус дулаан байна.

2. Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Налайх дүүрэг. 8 дугаар хороо, 18 дугаар гудамжны 25 тоотод гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 09.24-ний өдрийн 07:54 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 08:00 цагт очиж, иргэн А-гийн эзэмшлийн 3х5 метрийн хэмжээтэй гараашийн дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүрэг. 22 дугаар хороо, 6 дугаар бичил хороололд  2 давхар зочид буудлын барилгын дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 09.25-ны өдрийн 02:52 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 03:01 цагт очиж, иргэн С-ийн эзэмшлийн 20х35 метрийн хэмжээтэй “Алтан тэвш” зочид буудлын барилгын 2 дугаар давхар болон дээврийн хэсэг тус тус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүрэг. 8 дугаар хороо, Сонсголонгийн 12 дугаар гудамжны 467/А тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.24-ний өдрийн 17:15 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 11 км замыг туулан 17:24 цагт очиж, иргэн Н-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүрэг. 9 дүгээр хороо, Бурхантын 19 дүгээр гудамжны 128 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.24-ний өдрийн 17:15 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 06:57 цагт очиж, иргэн Б-ын 3х4 метрийн хэмжээтэй амбаар, 2 метрийн урттай хашаа тус тус шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймаг, Дархан сум. 15 дугаар багийн Мангиртын 9 дүгээр хэсгийн 3 дугаар гудамжны 92 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.25-ны өдрийн 01:26 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 01:34 цагт очиж, иргэн Ч-ын эзэмшлийн 5×8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

3. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Булган аймгийн Сэлэнгэ сум. Тариахтай багийн “Тариахтайн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 160 км-т, сумын төвөөс хойд зүгт 30 км-т/ Орхон аймгийн харьяат иргэн Л/59 настай, эрэгтэй/ 09.14-ний өдрийн 17:00 цагийн орчим самар түүж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 09.15-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Цагдаагийн газрын газрын алба хаагчид 09.24-ний өдрийн 08:30 цагаас эхлэн Тариахтай багийн “Тариахтайн даваа” гэдэг газраас зүүн хойд зүгт “Гучин есийн зоо” гэдэг газар хүртэл 20 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:30 цагт түр зогсоосон. 09.25-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Өвөрхангай аймгийн Тарагт сум. Их булаг багийн “Онгийн голын Дунд гарам’’ гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 15 км, сумын төвөөс зүүн зүгт 50 км/-т Иргэн Э /32 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ 09.23-ны өдрийн 19:00 цагийн орчим үхэртээ яваад сураггүй болсон тухай дуудлагыг 09.24-ний өдрийн 08:15 цагт гэрээс нь урд зүгт 15 км-т, тус сумын Алтан тал багийн “Алтан тал” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хар-Уул багийн “Алтай таван богд” уулын “Ерөнхийлөгчийн-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 210 км, сумын төвөөс баруун зүгт 130 км/-т 15 том хүн, 3 автомашинтай аялж яваад хүчтэй цасан шуурганы улмаас зам харагдахгүй, уулнаас буух боломжгүй болсон тухай дуудлагыг 09.23-ны өдрийн 16:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 09.24-ний өдрийн 10:20 цагт очиж, тухайн иргэдийг уулнаас эсэн мэнд буулгаж, мөн өдрийн 13:47 цагт тус сумын байгаль хамгаалагчийн гэрт авчирч хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Налайх дүүрэг. 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах эзэнгүй орхигдсон уурхайд 2017 онд нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны харьяат иргэн С /19 настай, эрэгтэй/-ын амь насыг хөнөөж, цогцсыг булж хаясан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон тул тухайн иргэний цогцсыг тус уурхайн гүнээс гаргаж өгөх хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 09.24-ний өдрийн 16:20 цагт хүлээн авсан.

Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн алба хаагчид 5 км замыг туулан 16:32 цагт очиж, 2 м3 шороог зайлуулж, 80 градусын налуутай, 71 метрийн гүнтэй малталтаас тухайн иргэний цогцсыг мөн өдрийн 19:06 цагт гаргаж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, нийслэлийн Цагдаагийн газар, дүүргийн Прокурорын байгууллагаас ирсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

 Усны осол /эрэн хайх, аврах/: Хөвсгөл аймаг, Рэнчинлхүмбэ сум. Хоолойн зах багийн “Төвөнхийн-Өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 240 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 26 км-т/ тус аймгийн Цагаан-Үүр сумын харьяат иргэн Н/33 настай, эрэгтэй/ 09.23-ны өдрийн 02:30 цагийн орчим иргэн О-гийн гэрээс гэрлүүгээ явна гэж мотоциклтой гарч яваад сураггүй болсон. 09.24-ний өдрийн 14:10 цагт өмсөж явсан хувцас болон мотоциклыг нь “Мааньт” нуурын уснаас олсон. Нуурын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 09.24-ний өдрийн 14:40 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбар, Цагдаагийн газрын алба хаагчид 09.24-ний өдрийн 15:40 цагт тухайн газар руу хөдөлгөөн үйлдэж, 09.25-ны өдрийн 03:02 цагт Цагааннуур суманд очиж хоноглоод 06:00 цагт Рэнчинлхүмбэ сум руу хөдөлсөн. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top