Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар сэрүүсэж 0-5 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 4-9 градус, говийн аймгуудын нутгаар 15-20 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:    Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун өмнөөс 6-11 м/с, өдөртөө 12-14 градус дулаан байна.

Төлөв байдал: 30-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10 дугаар сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, 2-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд нутгийн зүүн хагаст хур тунадас орно. Салхи 30-нд ихэнх нутгаар, 10 дугаар сарын 1, 3-нд говь, тал, хээрийн нутгаар, 2-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж, шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 4-9 градус дулаан байна. 2-нд нутгийн хойд хэсгээр, 3-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

2. Гал түймэр:

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны “Өлзийт” хорооллын 1 дүгээр гудамжинд иргэн М-ийн 6 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.28-ны өдрийн 10:52 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 14 км зам туулан 11:06 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Эмээлт багийн “Хайрханы-Энгэр” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 5 км, аймгийн төвөөс баруун зүгт 68 км-т/ Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн чиглэлд 5 тн ачаатай зорчиж явсан иргэн Б-ын эзэмшлийн “Хантер” загварын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.28-ны өдрийн 10:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 12 дугаар ангийн алба хаагчид 68 км замыг туулан 11:43 цагт очиж 39 минут ажиллаж унтраасан.

 Булган аймгийн Булган сумын Жаргалант багийн “Задгай”-д Иргэн М-ын 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.28-ны өдрийн 13:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчид 1.5 км зам туулан 13:18 цагт очиж 7 минут ажиллаж  унтраасан.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн 1 дүгээр гудамжинд иргэн Б-ийн эзэмшлийн “Эстима” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 09.29-ний өдрийн 03:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаарр ангийн алба хаагчид 3 км зам туулан 03:09 цагт очиж 22 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top