Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд барилга байгууламж, гэр хороолол, авто зам, нийтийн эзэмшлийн зам талбайн
авралтын гарцыг хаасан хашаа, хаалт, хайсыг буулгаж чөлөөлсөн тухай
Зохион байгуулалтын арга хэмжээний талаар
Нийслэлийн Засаг даргын 2015 оны “Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай” А/76 дугаар захирамж, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын “Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд барилга байгууламж, гэр хороолол, авто зам, нийтийн эзэмшлийн зам талбайн авралтын гарцыг шалгах тухай” А/101 дүгээр тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газраас томилогдсон 2 ажлын хэсгийн гишүүд 9 дүүрэгт 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 11 дүгээр сарын 23-ны өдрүүдэд ажиллалаа.
Шалгалтыг нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, Өмч, газрын харилцааны алба, Дэд бүтэц, тохижилтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Замын Цагдаагийн тасаг, хороодын Засаг дарга, холбогдох албан тушаалтан, мэргэжилтэн нар хамтран нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд барилга байгууламж, гэр хороолол, авто зам, нийтийн эзэмшлийн зам талбайн авралтын гарцыг хааж, болзошгүй гамшгийн үед шуурхай албаны автомашин хүрэлцэн очих боломжийг хязгаарлаж, зөвшөөрөлгүй барьж сунгасан хашаа, хаалт, хайсыг буулгаж чөлөөлөх ажлыг зохион байгууллаа.
Дээрхи ажлын хүрээнд дүүргийн Засаг дарга нар захирамж гарган ажлын хэсгийг байгуулж, зөвшөөрөлгүй барьж сунгасан хашаа, хаалт, хайсыг буулгаж чөлөөлөхөд шаардлагатай 7.100.000 төгрөгийг шийдвэрлэн зам гарцыг чөлөөлөх ажилд зарцуулж, тус арга хэмжээнд мэргэжлийн байгууллагуудаас 158 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажилласан болно.
Шалгалтаар нийт 603 объектыг хамруулан шалгасанаас Баянгол дүүрэгт 75, Чингэлтэй дүүрэгт 30, Хан-Уул дүүрэгт 35, Сүхбаатар дүүрэгт 41, Баянзүрх дүүрэгт 329, Сонгинохайрхан дүүрэгт 64, Налайх дүүрэгт 19, Багануур дүүрэгт 4, Багахангай дүүрэгт 6 объект тус тус хамрагдаж, галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 603 зөрчил илрүүлж, шалгалтын явцад зам гарц хаасан 63 зөрчил буюу 10.4 хувийг газар дээр нь арилгуулан, шуурхай албаны автомашин зорчих нөхцлийг бүрдүүлж ажилласан.
Илэрсэн бусад зөрчлүүдийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 49, мэдэгдэл 131, танилцуулга 1, дүгнэлт 3, дүүргийн Өмч, газрын харилцааны албатай хамтран шаардах хуудас 25-ыг бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан, иргэдэд хүргүүлж, хэрэгжилтэнд нь хяналт тавин ажиллаж байна.
Зам гарц чөлөөлөх ажлын явцын талаар Монголын үндэсний олон нийтийн радио телевиз, UBS, 25 дугаар суваг телевиз, Монгол HD телевиз, Ийгл, TV-1, TV-5, TV-9, Эх орон, ТМ, ECO, Royal, SBN, NTV, ETV, С-1 телевиз, нийслэлийн Онцгой байдлын газрын сайт, Зууны мэдээ өдөр тутмын сонин, Zaluu.mn, Shuud.mn, News.mn, Olloo.mn, Arslan.mn, sbd.ub.gov.mn, sbdobh.ub.gov.mn, мэдээллийн mminfo.mn сайт, Khan-Uul.mn, Баянзүрх сайт, Таймс.mn, Монголын мэдээ.mn зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэд, олон нийтэд сурталчиллаа.
Дүгнэлт
Нийслэлийн авто зам, нийтийн эзэмшлийн зам талбайн авралтын гарцыг хааж, зөвшөөрөлгүй барьж сунгасан 63 байршилд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хашаа, хаалт, хайсыг тус тус чөлөөлж, гамшгийн голомтонд ажиллах шуурхай албаны автомашин зорчих зам гарцыг нээсэн бөгөөд аврах үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлсэн болно.
Монгол Улсын Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх заалтын дагуу иргэнд олгогдсон 0.07 га газрыг дур мэдэн зөвшөөрөлгүйгээр өөрсдийн эзэмшлийн газар дээр барьсан хашаагаа сунгаж, гэр хорооллын дундах авто зам, нийтийн эзэмшлийн зам талбайн гарцыг нарийсгасан, шуурхай албаны автомашин зорчих боломжийг хязгаарлаж мухар гудамж гаргасан зөрчил буурахгүй байна.
Иймд мэргэжлийн байгууллагуудаас хамтран иргэд, олон нийт рүү чиглэсэн ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэх, аврах үйл ажиллагаа явуулах боломжгүй, үерийн аюултай бүсэд суурьшсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байна.
Санал
– Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөх ажилтай холбогдуулан шинээр баригдаж байгаа барилга байгууламжийн хоорондын зай хэмжээг Хот төлөвлөлт, барилгажилтийн норм ба дүрэм БНбД 30-01-04 норм дүрмийн Заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 1 дүгээр хүснэгтийн дагуу төлөвлөх ажлыг зохион байгуулах.
– Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр баригдаж буй орон сууцны хорооллын эдэлбэр газарт авто замыг төлөвлөхдөө 2 зурвастай зам төлөвлөх, барилгын орчинд замын өргөнийг 5.5 метрээс багагүй байхаар, тус замын төгсгөлийн талбай нь шуурхай албаны авто машин эргэх боломжтой байхаар төлөвлөх.