Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар, Архангай, Баянхонгор, Булган, Төв, Ховд аймгуудад бороо орсон. Баян-Өлгий, Завхан аймагт цас орсон.  Говь-Алтай, Өвөрхангай аймагт цас, бороо орсон.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар 13-18 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Өдөртөө сэрүүсч 5-7 градус дулаан байна.

Төлөв байдал: 1-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, 2-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд нутгийн зүүн хагаст, 4-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи 1, 2-нд говь, тал, хээрийн нутгаар, 3-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

2. Гал түймэр:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхэд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.29-ний өдрийн 14:07 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 10.5 км замыг туулан 14:17 цагт очиж иргэн С-ын 7х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Нуурт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.29-ний өдрийн 16:35 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн лба хаагчид 2.5 км замыг туулан 16:39 цагт очиж иргэн А-ын 5 ханатай гэр, “Гранд марк 2” автомашин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал багийн нутаг “Хар морьтын хөтөл” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 27 км, сумын төвөөс урд зүгт 18 км/ Өвс ачсан “Портер” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.29-ний өдрийн 18:10 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 27 км замыг туулан 18:39 цагт очиж иргэн Б-ын “Бонго Жи 2” загварын 1.5 тн боодол өвс ачсан автомашин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын (Тавантолгой) Сийрст баг “Уурхайчин”-ы 6 дугаар гудамжинд иргэн Б-ын 6 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.29-ний өдрийн 21:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 21:22 цагт очиж 3 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун Баян-Уулд үйлдвэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.30-ны өдрийн 03:05 цагт хүлээн авсан. Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 03:08 цагт очиж иргэн Э-ын 7х5 метрийн хэмжээтэй мужааны цех, хатаалгын өрөө, будгийн өрөө, эд зүйлс шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

3.Зам тээврийн осол:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтийн даваан дээр Зам тээврийн осол гарсан тухай дуудлагыг 09.29-ний өдрийн 16:12 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 111 км замыг туулан 16:47 цагт очиж “Тоёота исузу” загварын автомашин замын хажуу руу онхолдож иргэн Э/50 настай, эрэгтэй/, М /46 настай, эрэгтэй/ нар гэмтсэн байсныг эмнэлгийн анхны тусламж үзүүлэн ГССҮТ-д шилжүүлсэн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19-р хороо Санзайн “Багабаян” амралтын газарт Иргэн Т /60 настай, эрэгтэй/ самар түүхээр явж байгаад сураггүй болсон тухай дуудлагыг 09.29-ний өдрийн 14:40 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 09.29-ний өдрийн 18:34 цагаас тус дүүргийн “Багабаян”, “Энхийн төлөө” амралтын газраас зүүн хойш Багабаян ууланд 3 хэсэгт хуваагдан явганаар 64 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 22:08 цагт түр зогсоосон.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Хуандайн-Эх” гэдэг газарт Иргэн О самар түүхээр явж байгаад сураггүй болсон тухай дуудлагыг 09.29-ний өдрийн 21:01 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 09.29-ний 23:32 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлж мөн өдрийн 00:10 цагт алга болсон газраас зүүн тийш 4 км-т “Хуандайн-Эх” гэдэг газраас иргэн О /53 настай, эрэгтэй/-ыг эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршалын гүүрний баруун талд Иргэн Э /35 настай, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/ “Туул” голын усанд осолдсон тухай дуудлагыг 09.29-ний өдрийн 10:29 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 27 км замыг туулан 11:03 цагт очиж “Маршал”-ын гүүрнээс “Сонсголон”-гийн гүүр, “Яармаг”-ийн гүүр хүртэл усаар 20 км урсаж, 2-3 метрийн гүнд 3 удаа шумбалт хийж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:30 цагт түр зогсоосон.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Рашаант багийн ‘’Баарангийн даваа’’ гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 20 км, сумын төвөөс урд зүгт 200 км/ автомашин цасанд суусан тухай дуудлагыг 09.30-ны өдрийн 04:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 20 км замыг туулан 05:10 цагт очиж иргэн Б-ийн “Портер бонго Жи-3” загварын автомашин цасанд суусан байсныг 20 минут ажиллаж татан гаргасан.

5.Мэдээлэл:

Хэнтий аймгийн Галшар сумын Оч багийн “Гашууны ухаа” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 150 км, сумын төвөөс баруун хойд зүгт 35 км/Малчин Б-ийн 5 ханатай гэр 09.29-ний өдрийн 07:20 цагийн орчим шатсан тухай мэдээллийг 09.29-ний өдрийн 09:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Галшар сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч ажиллаж хэргийн газрын үзлэг хийсэн.

Сүхбаатар аймгийн Онгон сумын Хавирга багийн “Халгайт” хорооллын задгайд Иргэн Б-ын 5 ханатай гэр 09.29-ний өдрийн 10:15 цагийн орчим шатсан тухай мэдээллийг 11:28 цагт хүлээн авсан. Иргэн Б-ын 5 ханатай гэр, “Гранд марк-2” загварын 2 суудлын автомашин шатсан. Тус сумын Засаг даргаар ахлуулсан алба хаагчид ажилласан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top