Нийслэлийн Засаг даргын 2015 оны “Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай” А/76 дугаар захирамж, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын “Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд барилга байгууламж, гэр хороолол, авто зам, нийтийн эзэмшлийн зам талбайн авралтын гарцыг шалгах тухай” А/101 дүгээр тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газраас томилогдсон 2 ажлын хэсгийн гишүүд 9 дүүрэгт 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 11 дүгээр сарын 23-ны өдрүүдэд ажиллалаа.
Шалгалтыг нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, Өмч, газрын харилцааны алба, Дэд бүтэц, тохижилтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Замын Цагдаагийн тасаг, хороодын Засаг дарга, холбогдох албан тушаалтан, мэргэжилтэн нар хамтран нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд барилга байгууламж, гэр хороолол, авто зам, нийтийн эзэмшлийн зам талбайн авралтын гарцыг хааж, болзошгүй гамшгийн үед шуурхай албаны автомашин хүрэлцэн очих боломжийг хязгаарлаж, зөвшөөрөлгүй барьж сунгасан хашаа, хаалт, хайсыг буулгаж чөлөөлөх ажлыг зохион байгууллаа.
Дээрхи ажлын хүрээнд дүүргийн Засаг дарга нар захирамж гарган ажлын хэсгийг байгуулж, зөвшөөрөлгүй барьж сунгасан хашаа, хаалт, хайсыг буулгаж чөлөөлөхөд шаардлагатай 7.100.000 төгрөгийг шийдвэрлэн зам гарцыг чөлөөлөх ажилд зарцуулж, тус арга хэмжээнд мэргэжлийн байгууллагуудаас 158 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажилласан болно.
Шалгалтаар нийт 603 объектыг хамруулан шалгасанаас Баянгол дүүрэгт 75, Чингэлтэй дүүрэгт 30, Хан-Уул дүүрэгт 35, Сүхбаатар дүүрэгт 41, Баянзүрх дүүрэгт 329, Сонгинохайрхан дүүрэгт 64, Налайх дүүрэгт 19, Багануур дүүрэгт 4, Багахангай дүүрэгт 6 объект тус тус хамрагдаж, галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 603 зөрчил илрүүлж, шалгалтын явцад зам гарц хаасан 63 зөрчил буюу 10.4 хувийг газар дээр нь арилгуулан, шуурхай албаны автомашин зорчих нөхцлийг бүрдүүлж ажилласан.
Шалгалтаар бусад зөрчлүүдийг арилгуулахаар мэргэжлийн байгуулагуудаас хамтран заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдлийг бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан, иргэдэд хүргүүлж, хэрэгжилтэнд нь хяналт тавин ажиллаж байна.
Нийслэлийн авто зам, нийтийн эзэмшлийн зам талбайн авралтын гарцыг хааж, зөвшөөрөлгүй барьж сунгасан 63 байршилд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хашаа, хаалт, хайсыг тус тус чөлөөлж, гамшгийн голомтонд ажиллах шуурхай албаны автомашин зорчих зам гарцыг нээсэн бөгөөд аврах үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлсэн болно.