Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Булган, Дорнод, Дундговь, Говьсүмбэр, Сүхбаатар, Хөвсгөл Хэнтий аймгуудын нутгаар хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

 Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи их төлөв баруун хойноос 6-11 м/с, зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, Их нууруудын хотгор болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 4-9 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна. 

Улаанбаатар хотод: Үүлшинэ, ялимгүй хур тунадас орно, салхи баруун хойноос 7-12 м/с, 1-3 градус дулаан байна.

Төлөв байдал: 3-нд нутгийн зүүн хагаст, 4-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи 3-нд говь, талын нутгаар, 6-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж, шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтэн байх боловч 5-наас бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.

2. Гал түймэр:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны “Задгай”-д “Макс” төвийн 2 дугаар давхарт Иргэн З-ын “Берлин” зоогийн газрын цахилгаан тогоо шатаж байна гэсэн дуудлагыг 10.01-ний өдрийн 07:55 цагтхүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 8 км зам туулан 08:02 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн “Задгай”-д “Эрхэм-Оргил” ХХК-ийн уурын зуухны 5х15 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.01-ны өдрийн 11:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 11:07 цагт очиж 1 цаг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 4 дүгээр гудамжинд иргэн Ц-ийн 10х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.01-ний өдрийн 09:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 4 км замы туулан 09:08 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны “Баянтуруун”-ы 27 дугаар гудамжинд иргэн Б-ын 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.01-ний өдрийн 09:05 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 13.5 км зам туулан 09:19 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан. 

Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн “Тээвэрчид”-ийн 7 дугаар гудамжинд иргэн Э-ийн 10х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.01-ний өдрийн 22:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 3.5 км зам туулан 22:43 цагт очиж 34 минут ажиллаж унтраасан.   

3.Зам тээврийн осол:

Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн “Жамсын гол” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 97 км-т, Ө-51012/36//, У-97058/48///10.01-ний өдрийн 22:27 цагт 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /төөрсөн/: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Богдхан уулын “Төр хурх”-ын аманд самар түүж явсан нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны харьяат иргэн П /37 настай, эрэгтэй/, мөн дүүргийн 14 дүгээр хорооны харьяат иргэн М /44 настай, эрэгтэй/ нар төөрсөн тухай дуудлагыг 10.01-ний өдрийн 03:12 цагт хүлээн авсан. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги-105-ын алба хаагчид 25 км зам туулан 03:47 цагт очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 09:00 цагт хүч нэмэгдүүлэн тус ангийн алба хаагчид, Хан-Уул дүүргийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 18:13 цагт Богдхан уулын “Төр хурх”-ын амны баруун энгэрээс иргэн М /44 настай, эрэгтэй/-г эсэн мэнд, иргэн П /37 настай, эрэгтэй/-ийн цогцсыг тус тус олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Могойт болон Яргайт багийн “Ноён хайрханы хөндлөн”, “Мухар булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 110 км, сумын төвөөс баруун хойд зүгт 10 км-т/Тус сумын харьяат малчин С /41 настай, эрэгтэй/, О /40 настай, эрэгтэй/ нар 09.30-ны өдрийн 14:00 цагийн орчим мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 20:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 10.01-ний өдрийн 07:40 цагт иргэн С/41 настай, эрэгтэй/-г гэрээс нь баруун зүгт 15-км-т Могойт багийн “Ухаагийн тариалан” гэдэг газар малчин Б-ийн гэрээс эсэн мэнд олсон. Иргэн О/40 настай, эрэгтэй/ 10.01-ний өдрийн 09:0 цагт гэртээ эсэн мэнд ирсэн тухайгаа утсаар мэдээлсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.  

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Рашаант багийн “Хөв” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 160 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/Тус сумын харьяат малчин А /50 настай, эрэгтэй/ 09.30-ны өдрийн 15:00 цагийн орчим мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 20:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн мөн өдрийн 20:13 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 10.01-ний өдрийн 09:50 цагт гэрээс нь урд зүгт 20 км-т тус багийн Хар толгой гэдэг газар малчин О.Батбаатарын гэрээс эсэн мэнд олсон.

Өвөрхангай аймгийн Бүрд сумын Ар жаргалант, Ар хөшөөт багийн “Замын булаг”, “Баян хайрханы-Ар” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 155 км-т, сумаас зүүн зүгт 25 км-т/тус сумын харьяат малчин Т /44 настай, эрэгтэй/, Ц /44 настай, эрэгтэй/, Д /42 настай, эмэгтэй/ нар 09.30-ны өдрийн 12:00 цагт мал хариулж гараад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 20:38 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 10.01-ний өдрийн 06:07 цагт иргэн Ц-ийг сураггүй болсон газраас урд зүгт 20 км-т “Цагаан толгой” гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. Иргэн Т, Д нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх явцад 10.01-ний өдрийн 08:00 цагт иргэн Т, Д нар эсэн мэнд гэртээ ирсэн тухайгаа утсаар мэдээлсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон. 

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн “Хуучин хүдэр” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 10 км-т/Тус сумын харьяат малчин Т /35 настай, эрэгтэй/ 09.30-ны өдрийн 18:30 цагт хадлан дээрээсээ өвөлжөө рүүгээ автомашинтай яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 21:00 цагт хүлээн авсан Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сум дахь  Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн 10.01-ний өдрийн 07:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 12:40 цагт гэрээс нь зүүн хойд зүгт 10 км-т тус багийн “Булагтай” гэдэг газар малчин У-ын гэрээс эсэн мэнд олсон. 

Төв аймгийн Дэлгэрхаан сумын Тарган багийн “Уст” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 246 км-т/ Тус сумын харьяат малчин Д /34 настай, эрэгтэй/, С /27 настай, эрэгтэй/ нар 09.30-ны өдрийн 14:00 цагийн орчим мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 21:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх явцад 10.01-ний өдрийн 12:00 цагт гэртээ эсэн мэнд ирсэн тухайгаа утсаар мэдээлсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Шувуутын хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 270 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 170 км-т/Хадлан хадаж байсан нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн Э /41 настай, эрэгтэй/ 09.30-ны өдрийн 10:00 цагт гэрлүүгээ утсаар ярих гэж автомашинаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.01-ний өдрийн 08:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол суман дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, тус сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид, ар гэрийнхэн 09:00 цагаас эхлэн 2 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг “Шувуутын хоолой” гэдэг газраас зүүн урд зүгт тус багийн Сангийн далай гэдэг газар хүртэл 50 км-т автомашинаар, 2 дугаар бүлэг Шувуутын хоолой гэдэг газраас зүүн зүгт Ташгай багийн Хунт гэдэг газар хүртэл 60 км-т автомашинаар эрэн хайх ажиллагааг тус тус зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:40 цагт түр зүгсоосон. 10.02-ны өдрийн 06:00 цагаас дахин эхлүүлсэн.

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат багийн “Өвөр бүрд” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 30 км-т/ Тус багийн харьяат иргэн Д /50 настай, эрэгтэй/ 09.30-ны өдрийн 23:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 10.01-ний өдрийн 14:25 цагт хүлээн авсан.Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 16:50 цагт гэрээс нь зүүн зүгт 5 км-т тус багийн “Үнэгт” гэдэг газраас эсэн мэнд олсон.   

Өвөрхангай аймгийн Бүрд сумын Донгит багийн “Төв цэг” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 143 км-т, сумын төвөөс урд зүгт 13 км-т/Бүрд сумаас Арвайхээр сумын чиглэлд зорчиж явсан “Приус 20” загварын суудлын автомашин /5 зорчигчтой/ 09.30-ны өдрийн 19:00 цагийн орчим цасанд суусан тухай дуудлагыг мөн өдрийн 20:38 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж 10.01-ний өдрийн 04:00 цагт автомашиныг цаснаас татан гаргаж Бүрд сумын төвд авч ирсэн. 

5.Мэдээлэл:

Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат багийн Баянголын-Эх гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т/Иргэн М-ийн 5 ханатай гэр 18:00 цагт шатсаны улмаас иргэн М /47 настай, эмэгтэй/, М /4 настай, эмэгтэй/ нарын нүүр, гар бага зэрэг түлэгдсэн. Мэдээллийг тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгч 19:20 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн. 

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Батхаан багийн “Жаргалантын гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/Тус сумын нутгаар 09.30-ны өдөр цас орж шуурга шуурсаны улмаас Батхаан багийн харьяат иргэн П /53 настай, эмэгтэй/, Д /29 настай, эмэгтэй/ нар малтайгаа шуурганд уруудаж яваад өвөлжөөндөө очиж хоносон боловч иргэн П /53 настай, эмэгтэй/ нас барсан. Мэдээллийг тус аймгийн Бүрд сумын Засаг даргын Тамгын газрын дарга 09:20 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

    

scroll to top