1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Булган, Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв аймгийн зарим газраар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 10-15 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас 5-10 м/с, 2-4 градус дулаан байна.
Төлөв байдал: 6-ны өдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 6-нд Алтайн салбар уулсаар, 7-ны өдөр зарим газраар, 8-ны өдөр говь, талын нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. 7-нд ихэнх нутгаар, 8-нд нутгийн өмнөд хэсгээр өдөртөө дулаарна.
2. Гал түймэр:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, “Хангай” хотхоны 306 дугаар байрны хажуу талд харуулын байр шатаж байна гэсэн дуудлагыг 10.03-ны өдрийн 09:05 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 09:11 цагт очиж, тус хотхонд иргэн Б-ийн эзэмшлийн шинээр баригдаж буй 5 давхар үйлчилгээний зориулалттай барилгын харуулын 3х3 метрийн хэмжээтэй байр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.03-ны өдрийн 12:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 12:12 цагт очиж, иргэн М-ын эзэмшлийн 5 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.03-ны өдрийн 17:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 14.5 км замыг туулан 18:10 цагт очиж, иргэн О-ын эзэмшлийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн 3х4 метрийн хэмжээтэй үүдний амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
3.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут багийн 2 дугаар гудамжны иргэн С /62 настай, эмэгтэй/ 09.30-ны өдөр Шаргалжуут багийн ‘’Угалз’’ гэдэг газарт байрлах хөдөө гэр лүүгээ явганаар гараад сураггүй болсон тухай мэдээллийг 10.02-ны өдрийн 23:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 10.03-ны өдрийн 14:28 цагт сумын төвөөс баруун хойд зүгт 4.7 км-т “Урт жалгын-Эхэн” гэдэг газраас цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Усны осол /эрэн хайх, аврах/: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буурхээр багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар Тус сумын Ганзам багийн иргэн А /70 настай, эрэгтэй/, мөн тус багийн 3 дугаар байрны иргэн С /64 настай, эрэгтэй/ нар 08.18-ны өдрийн 16:00 цагийн орчим “Орхон” голын ус руу сэлэх гэж ороод живсэн тухай дуудлагыг тус аймгийн Цагдаагийн байгууллагаас мөн өдрийн 16:22 цагт хүлээн авсан. Эрэн хайх ажиллагааг 08.18-08.31-ний өдөр, 09.12-09.18-ны өдрүүдэд 2 удаа, нийт 21 хоног зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул зогсоосон. Ар гэрээс нь эрэн хайх ажиллагааг дахин явуулж өгөх хүсэлт гаргасны дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн 10.03-ны өдрийн 09:56 цагаас “Өндөр-Эрэг” гэдэг газраас “Тавтын пост” хүртэл усаар 45 км-т урсаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 16:37 цагт түр зогсоосон. 10.04-ний өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршалын гүүрний баруун талд Иргэн Э/35 настай, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/ 2 өдрийн өмнө сураггүй алга болсон “Туул” голын усанд осолдсон байж болзошгүй тул тусламж хэрэгтэй байна гэсэн хүсэлтийг 09.29-ний өдрийн 10:29 цагт хүлээн авсан. 10.03-ны өдөр эрэн хайх ажиллагаа явагдаагүй.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 9 дүгээр гудамжинд ачааны автомашины бүхээгт хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 10.03-ны өдрийн 12:28 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 12 км замыг туулан 12:46 цагт очиж, тус тоотод иргэн О /56 настай, эрэгтэй/ нь “БиЖи-5188” загварын ачааны автомашинд засвар хийх явцад бүхээг нь бууж хавчуулагдан нас барсан байсан тул цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР