Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Булган, Дундговь, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл аймгуудад цас орсон. Дорнод аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй.  Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 8-13 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. 1-3 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 4-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 6-нд Алтайн салбар уулсаар, 7-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. 5-нд нутгийн баруун хэсгээр, 6, 7-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Онги багийн 1 дүгээр гудамжинд иргэн Г-ийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн 2х3 метрийн хэмжээтэй галлагааны өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 10.02-ны өдрийн 12:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 12:04 цагт очиж 18 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.02-ны өдрийн 13:36 цагт хүлээн авсан.Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 13:40 цагт очиж иргэн О-ийн 5 ханатай гэр, Э-ын 4 ханатай гэр, Б-ын 8х7 метрийн хэмжээтэй байшингийн үүдний амбаар тус тус шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 49 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.02-ны өдрийн 16:50 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах, 34 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 16:54 цагт очиж иргэн О-ын 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсынг 10 минут ажиллаж унтраасан.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн “Баянбулаг”-ийн 11 дүгээр гудамжинд иргэн Б-ийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.02-ны өдрийн 17:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 17:08 цагт очиж 11 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Усан сангийн 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.02-ны өдрийн 18:27 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 17 км замыг туулан 18:38 цагт очиж иргэн У-ын 7х8 метрийн хэмжээтэй байшингийн 1.5х2 метрийн хэмжээтэй галлагааны өрөө шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Үйзэн багийн “Ишигний хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 9 км/ Иргэн Д-ийн “Тоёота приус-30” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.02-ны өдрийн 19:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 9 км замыг туулан 19:48 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим багийн “Магнай трейд” шатахуун түгээгүүрийн урд зам дээр иргэн Б-ийн “Гранд марк-2” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.02-ны өдрийн 20:42 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 7 км зам туулан 20:51 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дарь эхийн тоосгоны үйлдвэрийн задгайд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.02-ны өдрийн 01:11 цагт хүлээн авсан.Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 11.5 км замыг туулан 01:24 цагт очиж иргэн Х-ын “Волксваген” загварын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

3.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

 Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн “Жамсын гол” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 95 км-т, Ө-51013/12//, У-98000/36///10.02-ны өдрийн 02:09 цагт 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /төөрсөн/: Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн “Хошгойт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 210 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км/Иргэн Г /31 настай, эрэгтэй/, хүү Б /2 настай, эрэгтэй/ нар Тариалан сумын төвөөс хүн хүргэж өгөхөөр 10.01-ний 19:00 цагийн орчим “Тоёота Aкуа” загварын автомашинтай яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.02-ны өдрийн 07:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар анги, Цагдаагийн тасгийн алба хаагчид, ар гэрийнхэн 09:20 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 13:00 цагт иргэн Г нь замаа олохгүй төөрч сумын төвөөс зүүн хойд зүгт 52 км-т Баянбэлчирын давааны “Тайга” гэдэг газар иргэн Б-д ирсэн тухайгаа утсаар мэдээлсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Шувуутын хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 270 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 170 км-т/ Хадлан хадаж байсан нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн Э /41 настай, эрэгтэй/ 09.30-ны өдрийн 10:00 цагт гэр лүүгээ утсаар ярих гэж автомашинтай яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.01-ний өдрийн 08:36 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, тус сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид, ар гэрийнхэн 06:00 цагаас “Сангийн далай” гэдэг газраас баруун зүгт тус багийн Манхан, баруун хойд зүгт “Гүн нуур”, баруун урд зүгт “Жамсран-Овоо” гэдэг газар хүртэл 50 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 17:00 цагийн орчим Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг Монгол Улсын хилийн 1105 дугаар тэмдэгтийн орчимд эсэн мэнд явж байсныг Хилийн 0146 дугаар ангийн 8 дугаар заставын алба хаагчид олсон тухай мэдэгдсэнээр эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын /Шаргалжуут багийн төвөөс зүүн хойд зүгт 15 км, аймгийн төвөөс зүүн зүгт 75 км/ Шаргалжуут багийн иргэн С/62 настай, эмэгтэй/ 09.30-ны өдөр Шаргалжуут багийн ‘’Угалз’’ гэдэг газарт байрлах хөдөө гэр лүүгээ явганаар гараад сураггүй болсон тухай мэдээллийг 10.02-ны өдрийн 23:00 цагт хүлээн авсан. Тус сумын Шаргалжуут багийн иргэд 10.02-ны өдрийн 15:00 цагаас эхлэн эрэн хайх, ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тухай мэдээллийг 22:58 цагт мэдээг өгсөн.

Усны осол /эрэн хайх, аврах/: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршалын гүүрний баруун талд Иргэн Э /35 настай, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/ 2 өдрийн өмнө сураггүй алга болсон “Туул” голын усанд осолдсон байж болзошгүй тул тусламж хэрэгтэй байна гэсэн хүсэлтийг 09.29-ний өдрийн 10:29 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 27 км замыг туулан 11:03 цагт очиж “Маршал”-ын гүүрнээс “Сонсголон”-гийн гүүр, “Яармаг”-ийн гүүр хүртэл усаар 20 км урсаж, 2-3 метрийн гүнд 3 удаа шумбалт хийж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:30 цагт түр зогсоосон. 10.02-ны өдөр эрэн хайх ажиллагаа явагдаагүй.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top