Эмээгээсээ өвлөсөн эрдэм

118692625_795228554546815_4173590607437776206_n.jpg

  “Онцгой мэдээ” сонины “Хобби” булангийн энэ удаагийн дугаарт Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн шуурхай удирдлагын оператор, дэд ахлагч Дашдуламын Одмааг урилаа. Тэрбээр Сайншанд сумын Ерөнхий боловсролын II сургуулийг 2014 онд төгссөж, 2014-2018 онд “Отгонтэнгэр” их сургуульд суралцан, хууль эрх зүйн мэргэжил эзэмшсэн.Улмаар 2018 онд ДХИС-ийн Ахлагчийн курсийг холбооны бага мэргэжлээр амжилттай төгсөж, Онцгой байдлын албанд томилогдон ажиллаж байна.

 -Нэхмэлийн утсаар бээлий, ороолт, малгай зэрэг хувцас хэрэглэлүүдийг оёж хатгадаг байсан эмээгээсээ үлгэр дууриал авч оёж эхэлсэн байна. Одоогоор үндэсний өв соёл болох даалин урлалыг илүүтэйгээр урлаж байгаа гэнэ. Гар урлалын дотроос уран хатгамал нь хамгийн их цаг хугацаа зарцуулж хийгддэг. Тийм учраас хатгамалчин хүн цаг хугацаа түүний үнэ цэнийг сайтар мэдэрч цагийг үр бүтээлтэй өнгөрөөж сурдаг. Түүнчлэн зүү ороох нь ихээхэн тэсвэр тэвчээр шаарддаг учраас тогтвортой, тууштай аливаа зүйлд хүлээцтэй ханддаг болгож, хүмүүжил төлөвшилд сайнаар нөлөөлдөг гэдгийг онцолсон.

-Түүний хувьд 2011 оноос хойш 9 жилийн хугацаанд ойролцоогоор 60 гаруй даалин урлажээ. Даалин урлахдаа зүү ороох, хөөмөл зүү ороолт, загасан нуруу, шүд хатгах, шаглаа оёо, хөших оёо, хонин холбоо, зоос ширээний сүлжмэл, монгол гуталны оймсны хараа зэрэг оёдлуудыг ашигладаг байна. Даалин оёхдоо  өдөр, цагийг билэгдэн хатгаж эхэлдэг.  Даалин бол тухайн  хүний хайр хүндэтгэл. Эр хүний сүр сүлдийг өргөж, баяр бахархлын илэрхийлэл болдог учраас урлаач хүний ерөөл хатгалт нэг бүрт нь шингэх учиртай. Тиймээс бүтээл урлахдаа өнгө буюу хээ амьтан зэргийн билэгдлийг бодож тухайн хүндээ зориулан оёдог гэнэ. Учир нь хээ болгон  өөрийн гэсэн билгэ дэмбэрэл ерөөлийг агуулдаг байна.

-Анх наймдугаар ангид байхдаа өвөөдөө зориулан урласан даалин нь хамгийн үнэ цэнэтэй. Бүтээл болгоныхоо зургийг өөрөө зохиож зурдаг. Даалиндаа хээ оёхоос гадна амьтан оёх нь илүү тансаг амьд харагдуулдаг байна.

-Бидний өвөг дээдэс нүүдэлчдийн бүтээсэн нэгэн том өв бол соёлын биет бус өвийн нэг болох зүү ороох болон даалин урлал юм. Үйл урлалын дотроос монгол эмэгтэйн оюун ухааны бүтээл болох зүү ороох, загасан нуруу хатгах хатгамлууд зоос ширээний сүлжмэлийн урлалаар оёдог хөөрөгний даалин урлах нь үр хойчдоо өвлүүлэх залуус бидний үүрэг гэдгийг тэрбээр онцоллоо.

Дашрамд дурдахад, 10 жилийн сурагч байхаасаа сагсан бөмбөгийн спортоор хичээллэн, оюутан байхдаа “Отис Lynx” шигшээ багийн гишүүнээр дөрвөн жил тогложээ. Энэ хугацаанд оюутны лигийн алт, улсын аваргын мөнгөн медаль зэрэг томоохон тэмцээн, уралдаануудаас 80 гаруй медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн байна. Түүнчлэн “Nissan” дээд лигт “Таван дохио” багийн гишүүнээр тоглодог байжээ.

Эх сурвалж: Онцгой мэдээ сонин

scroll to top