Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 2-7 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

  Улаанбаатар хотод: Их төлөв цэлмэг, салхи баруун өмнөөс 5-10 м/с, өдөртөө 5-7 градус дулаан байна.

Төлөв байдал: 6-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,  9-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 6-нд Алтайн салбар уулсаар, 8-нд говь, талын нутгаар, 7, 9-нд нутгийн зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. 6-наас ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

2. Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн “Хаялага нуур” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 23 км-т/  Хаялага нуурын эрэг дээр 7х5 метрийн хэмжээтэй сүүдрэвч шатаж байна гэсэн дуудлагыг 10.04-ний өдрийн 14:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 23 км зам туулан 14:37 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон багийн “Задгай”-д иргэн Г-ын “Таван богд” цайны газрын 10х7 метрийн хэмжээтэй барилга шатаж байна гэсэн дуудлагыг 10.04-ний өдрийн 13:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замы туулан 13:47 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 27 дугаар гудамжинд иргэн Д-ийн 6×8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.04-ний 15:49 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 15:54 цагт очиж 14 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буурхээр багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар тус сумын Ганзам багийн 4 дүгээр байрныиргэн А /70 настай, эрэгтэй/, мөн тус багийн 3 дугаар байрны иргэн С /64 настай, эрэгтэй/ нар 08.18-ны өдрийн 16:00 цагийн орчим “Орхон” голын  ус руу сэлэх гэж ороод живсэн тухай дуудлагыг хүлээн авсан бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газар  08.18-08.31-ний өдөр, 09.12-09.18-ны өдрүүдэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөнөөр зогсоосон байсныг дахин эрэн хайх хүсэлтийг ар гэрээс нь 10.03-ны өдөр гаргасан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн 10.04-ний өдрийн 09:00 цагаас эхлэн 2 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг анх осолдсон газраас “Тавтын пост” хүртэл 45 км-т, 2 дугаар бүлэг Төмөр замын 12 дугаар зөрлөг хүртэл 25 км-т тус тус завиар “Орхон” голын усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:30 цагт ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top