Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулсаар цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 8-10 градус дулаан байна.

Төлөв байдал: 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас, 10-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 7-нд Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 18-20 метр, 8-нд зарим газраар, 9-нд нутгийн баруун хэсгээр, 10-нд ихэнх нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар хүйтэрнэ.

2. Гал түймэр:

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын (Тавантолгой) Цагаан-Овоо багийн нутагт байрлах Сум дундын цагдаагийн хэлтсийн хойд талд Цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугамын /380в/ цахилгааны утас шатаж байна гэсэн дуудлагыг 10.05-ны өдрийн 20:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 20:41 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтийн 9 дүгээр хэсгийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.05-ны өдрийн 07:38 цагт хүлээн авсан.Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74, 34 дүгээр ангийн алба хаагчид 12.5 км замыг туулан 07:54 цагт очиж иргэн Г-ийн 10х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 36 дугаар 6 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.05-ны өдрийн 12:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 12:09 цагт очиж иргэн Д-ийн 8х6 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дотор тал шатаж байсныг 45 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр багийн 9 дүгээр цэцэрлэгийн гадна авто зогсоолд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.05-ны өдрийн 12:37 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 12:40 цагт очиж иргэн Б-ын “Уаз фургон” загварын хүн тээврийн автомашин шатаж байсныг 2 минут ажиллаж унтраасан.

Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Дэлгэрмөрөн багийн “Дэвжих” хороололд иргэн Ч-ийн 6х8 метрийн хэмжээтэй байшин, 4 тонн өвсний хамт 12:43 цагт шатсан тухай мэдээллийг 10.05-ны өдрийн 13:44 цагтхүлээн авсан.Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд 12:44 цагт очиж 1 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 4 дүгээр хэсэгт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.05-ны өдрийн 14:36 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 14:38 цагт очиж иргэн Б, Т нарын 5 ханатай 2 гэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Архангай аймгийн Булган сумын Тамир багийн “Баянхайрхан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 18 км/Иргэн Э-ийн бууц шатаж байна гэсэн дуудлагыг 10.05-ны өдрийн 15:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид 18 км замыг туулан 16:01 цагт очиж 26 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал багийн Суварга 6 дугаар гудамжинд иргэн А-ийн хашаанд 1 тонн өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.05-ны өдрийн 22:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 21:43 цагт очиж 57 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн “Гэр хороолол” 1 дүгээр гудамжинд иргэн Н-ын 6х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.05-ны өдрийн 21:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагид 7.5 км замыг туулан 21:51 цагт очиж 1:30 цаг ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Булган сумын Баянсудал багийн Баянголын задгайд иргэн Т-ийн 6 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.05-ны өдрийн 22:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 38 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 22:41 цагт очиж 14 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр байрны 4 дүгээр орцонд гал гарч байна гэсэн дуудлагыг 10.05-ны өдрийн 23:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 23:18 цагт очиж иргэн Х-ийн 3 өрөө орон сууцны 4х3 метрийн хэмжээтэй өрөөнд эд хогшил шатаж байсныг 30 минут ажиллан унтраасан. Тус гал түймэр иргэн Х /48 настай, эрэгтэй/ угаартаж нас барсан, цогцсыг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багийн Гүн худаг 8 дугаар гудамжинд иргэн О-ийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.06-ны өдрийн 01:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 01:09 цагт очиж гэрийн ард талд хураалттай 3 м3 модон банз шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хоршооллын 13 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.06-ны өдрийн 03:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 03:09 цагт очиж иргэн П-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эхийн 5 дугаар гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.06-ны өдрийн 04:48 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 7.5 км замыг туулан 04:55 цагт очиж иргэн И-ийн улсын дугааргүй, “Хьюндай маяти” загварын автомашин шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн “Хар цайн гүнбэн” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 180 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 41 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 10.05-ны өдрийн 18:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид, Зэд, Хантай, Бүтээлийн нурууны Дархан цаазат газрын 5 ажилтан, 1 автомашин, Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид, Зэд, Хантай, Бүтээлийн нурууны Дархан цаазат газрын ажилтнууд 41 км замыг туулан мөн өдрийн 21:00 цагт гал түймрийг голомтод очин 10.06-ны өдрийн 07:00 цагт цурамд оруулсан бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймрийн тархалт болон шатсан га талбай тодорхойгүй. 10.06-ны өдрийн 10:00 цагт холбоонд орно.

Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн “Булагдай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 330 км, сумын баруун зүгт 35 км/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.05-ны өдрийн 14:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол суман дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж мөн өдрийн 16:25 цагт бүрэн унтрааж Гал түймэрт нийт 400 га хээрийн талбай өртөж шатсан.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Улаан-Хад” гэдэг газар /Мандал сумаас зүүн зүгт 150 км, Ерөө сумаас зүүн урд зүгт 200 км/Иргэн Ц /65 настай, эрэгтэй/, С /47 настай, эрэгтэй/ нар 09.26-ны өдөр самранд яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 10.05-ны өдрийн 06:05 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 19 дүгээр анги, тус сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн10.05-ны өдрийн 06:52 цагт Мандал сумаас хөдөлгөөн үйлдэж 18:55 цагт алга болсон гэх газраас 15 км зайд очиж үзэгдэх орчин хязгаарлагдсан тул хөдөлгөөн түр зогссон. 10.06-ны өдрийн 07:30 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулна.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршалын гүүрний баруун талд Иргэн Э /35 настай, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/ 2 өдрийн өмнө сураггүй алга болсон “Туул” голын усанд осолдсон байж болзошгүй тул тусламж хэрэгтэй байна гэсэн хүсэлтийг 09.29-ний өдрийн 10:29 цагт хүлээн авсан.Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 10.05-ны өдрийн 10:20 цагт тус дүүргийн 11 дүгээр хороо, Яармагийн гүүрний зүүн талд “Туул” голын уснаас цогцсыг олж гарган дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Наянга” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 275 км, сумын төвөөс баруун урд зүгт 75 км/ Иргэн О-ын автомашин “Онон” голын усанд суусан тухай дуудлагыг 10.05-ны өдрийн 08:45 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул суман дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 13:00 цагт очиж иргэн О-ын “Пронтер” загварын ачааны автомашин “Онон” голын усанд суусан байсныг 1:20 цаг ажиллаж татан гаргасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Зүүнхүрээ хотхоны 204 дүгээр байр 7 дугаар давхраас хүүхэд унах гээд байна гэсэн дуудлагыг 10.05-ны өдрийн 14:38 цагт хүлээн авсан.Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 8 км замыг туулан 14:54 цагт очиж 72 тоотод оршин суугч М/8 настай, эрэгтэй/ гэртээ цоожлогдож тагтан дээрээс унах гэж байсныг 35 минут ажиллан аварч тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн цагдаад хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top