“Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлнэ

IDDR2020_Logo_ENG.png

       Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр жил бүрийн 10 дугаар сарын 13-нд тохиодог. Энэхүү өдрийг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос эхлэн дэлхий нийтээр 31 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэхэд дэлхийн улс орнууд нэгэн зорилго, уриан дор жил бүр нэгддэг.

Энэ жилийн хувьд НҮБ-ын Ерөнхий ассамблиас “Гамшгийн эрсдэлийн удирдлага ” уриаг дэвшүүлж, “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичигт тусгасан “Гамшгийн эрсдэлийн ойлголт, мэдлэгийг сайжруулах, хөрөнгө оруулалт хийх, гамшгийн эрсдэлийг удирдах засаглал болон бэлэн байдлын чадавхыг бэхжүүлэх, орон нутгийн засаг захиргаа, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэлийг бууруулах” үйл ажиллагааг танин мэдүүлэх арга хэмжээг зохион байгуулах юм.

Олон улсын энэхүү өдрийг тохиолдуулан төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын хүрээнд  байгууллагын үйл ажиллагаа болон Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль сурталчлах өдөрлөгийг зохион байгуулж, гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийтийн дунд хичээл, сургалт дадлагуудыг зохион байгуулан тэмдэглэн өнгөрүүлнэ.

Мөн иргэд, олон нийтэд “Бэлэн бай”, “Хэн ч, Хэзээ ч, Хаана ч Бэлэн” сургалтын багцаар танхимын болон дадлага сургуулийг зохион байгуулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top