Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл аймгуудын нутгаар түр зуурын цас орсон. Хөвсгөл аймагт мөндөр орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 5-7 градус дулаан байна.

Төлөв байдал: 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ялимгүй хур тунадас, 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, 16,18-нд Арц богдын өвөр хоолойгоор, 19-нд нутгийн баруун хагаст секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.

Гал түймэр:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баянхайрханы задгайд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 10.14-ний өдрийн 13:12 цагт хүлээн авсан. Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 13:17 цагт очиж эзэн тодорхойгүй 5 метр хашаа, 0.2 га шар өвс шатаж байсныг 12 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Буянт-Ухаан 20 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.14-ний өдрийн 14:52 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах, 30 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 14:57 цагт очиж иргэн М-ийн 4 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 27 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.14-ний өдрийн 16:42 цагт хүлээн авсан. Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 14 км замыг туулан 16:55 цагт очиж иргэн У-ийн 6х13 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 17 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.14-ний өдрийн 21:18 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 21:26 цагт очиж иргэн Б-ын 7х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бадрах багийн “Ац Хар-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 190 км, сумын төвөөс баруун зүгт 52 км/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.14-ний өдрийн 15:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Хилийн 0146 дугаар ангийн алба хаагчид, Дарьганга сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж мөн өдрийн 21:10 цагт түймрийг цурамд оруулж 22:47 цагт бүрэн унтраасан. Гал түймэрт урьдчилсан байдлаар 5775 га хээрийн талбай өртөж шатсан.

4.Зам тээврийн осол:

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багийн /аймгийн төвөөс зүүн урд зүгт 220 км, сумын төвөөс урд зүгт 17 км/-т “Цагаан тохой” гэдэг газар Улаанбаатар хотоос Ерөө сумын чиглэлд шатахуун /28 тн/ тээвэрлэж явсан иргэн М-ын “Норд бенз” загварын ачааны автомашин замын хажуу руу унасан тухай дуудлагыг 10.14-ний өдрийн 10:08 цагт хүлээн авсан. Тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 18 км замыг туулан 10:35 цагт очиж тус автомашины шатахууны савны илүүдлийн хоолойны тагаар түлш дусалж байсныг зөөврийн сав ашиглан авч аюулгүй байдлыг хангуулан ажилласан. 10.15-ны өдөр тус автомашинд байх дизель түлшийг шилжүүлэн ачих, автомашиныг татан босгох ажиллагааг зохион байгуулна.

5.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Завхан аймгийн Асгат сумын Аргалант багийн “Хойд Аргалант-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 28 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 280 км-т, Ө-49037’12”, У-96048’00”/10.14-ний өдрийн 08:09 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 11:17 цагт ООГХ-ээс хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Асгат сумын Засаг даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэж мэдэгдсэн.

6.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буурхээр багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар Тус сумын Ганзам багийн иргэн А/70 настай, эрэгтэй/, мөн тус багийн иргэн С /64 настай, эрэгтэй/ нар 08.18-ны өдрийн 16:00 цагийн орчим “Орхон” голын  ус руу сэлэх гэж ороод живсэн тухай дуудлагыг хүлээн авсан бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газар  08.18-08.31-ний өдөр, 09.12-09.18-ны өдөр, 10.03-10.04-ний өдрүүдэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 10.04-ний өдрийн 18:30 цагт ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоосон.Иргэн С/64 настай, эрэгтэй/-ын цогцос ОХУ-ын нутаг дэвсгэрээс олдсоныг ОХУ-аас Монгол Улсын хилээр 10.14-ний өдрийн 21:20 цагт Хилийн цэргийн 0101 дүгээр анги, Хилийн мэргэжлийн хяналтын албаны байцаагч, Зооноз өвчин судлалын төвийн ажилтнууд, Цагдаагийн алба хаагч, ар гэрийнхэн цогцсыг хүлээн авах, таниулах ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 22:10 цагт аймгийн Нэгдсэн эмнэлэгт цогцсыг шилжүүлэн, ариутгал халваргүйжүүлэлтийг хийсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top