Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшиж, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 8-13 м/с, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр 16-18 м/с хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон, Сэлэнгэ, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 10-15 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с, 10-12 градус дулаан байна.

Төлөв байдал: 20-ны өдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-ний өдөр төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-ны өдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 20-ны өдөр ихэнх нутгаар, 21-ний өдөр говь, талын нутгаар зарим үед 16-18 м/с хүрч, шороон шуурга шуурна. 20-ны өдөр ихэнх нутгаар, 21-ний өдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна. 22-ны өдөр баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

2. Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 19 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.19-ний өдрийн 03:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 03:55 цагт очиж, “Хүүхэд хөгжил” ТББ-ын эзэмшлийн 10х24 метрийн хэмжээтэй байшингийн 2 дугаар давхар болон дээврийн хэсэг шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Тэрэлж-Уул” амралтын газар байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.18-ны өдрийн 08:26 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 28 км замыг туулан 08:51 цагт очиж, иргэн О 8х25 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, халуун усны байрны дээврийн хэсэг шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 4 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.18-ны өдрийн 11:03 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах, 34 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 11:08 цагт очиж, иргэн О-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Тахилтын 6 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 10.18-ны өдрийн 13:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 33 км замыг туулан 13:37 цагт очиж, 3 метрийн урттай хашаа, 0.07 га талбайд шар өвс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Моносын 2 гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.18-ны өдрийн 13:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 7.5 км замыг туулан 13:30 цагт очиж, 4х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 48 гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 10.18-ны өдрийн 14:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 7 км замыг туулан 14:50 цагт очиж, иргэн Э-ын 5 метрийн урттай хашаа, 0.9 га шар өвс тус тус шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Замчны 3 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.18-ны өдрийн 18:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 18:14 цагт очиж, иргэн Ж-ийн 4×4 метрийн хэмжээтэй амбаар, 8 метрийн урттай хашаа шатаж байсныг 17 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Гүн цэнгэлэг багийн “Түшлэгт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 120 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 85 км-т/хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.18-ны өдрийн 12:40 цагт хүлээн авсан.   Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Цагаан-Овоо, Баянтүмэн сумын иргэд, “Стэп гоулд” ХХК-ийн ажилтнууд ажиллаж, мөн өдрийн 18:30 цагт унтраасан. /Түймэрт урьдчилсан байдлаар 12500 га талбай шатсан/  

Дорнод аймгийн Дашбалбар сумын Харзат багийн “Дондогийн нуур” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 280 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 85 км-т/хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.18-ны өдрийн 14:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 18:00 цагт унтраасан. /Түймэрт урьдчилсан байдлаар 140 га талбай шатсан/

4.Зам тээврийн осол:

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Алтантал багийн “Морины шүтээн” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 25 км-т сумын төвөөс урд зүгт 20 км-т/Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас Хайрхандулаан сумын чиглэлд зорчиж явсан “Портер” загварын ачааны автомашин /3 зорчигчтой/, Говь-Алтай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Приус-20” загварын суудлын автомашин /4 зорчигчтой/-тай мөргөлдөж, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 10.18-ны өдрийн 20:10 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 25 км замыг туулан 20:30 цагт очиж, “Портер” загварын ачааны автомашины бүхээгт тус аймгийн Хайрхандулаан сумын харьяат иргэн Д /46 настай, эрэгтэй/ хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, уг осолд Н /4 настай, эрэгтэй/ нас барсан байсныг Эмнэлэг болон Цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн. Мөн “Приус 20” загварын суудлын автомашинтай зорчиж яваад бэртсэн Улаанбаатар хотын харьяат иргэн О /52 настай, эрэгтэй/, Т /34 настай, эрэгтэй/, Т/31 настай, эрэгтэй/, Б /22 настай, эрэгтэй/ нарт эмнэлгийн анхны тусламж үзүүлж, Эмнэлгийн байгууллагад хүргэж өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top