Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруун өмнөөс 6-11 м/с. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 3-8 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

   Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, салхи баруун өмнөөс 5-10 м/с, өдөртөө 9-11 градус дулаан байна.

Төлөв байдал:   24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 27-нд Хэнтэйн уулсаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24-нд Алтайн салбар уулсаар, 25-нд нутгийн зарим газраар, 26, 27-нд говь, тал, хээрийн нутгаар 16-18 м/с хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26, 27-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна.

2. Гал түймэр:

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны “Задгай”-д Иргэн У-ийн “Суббару простер” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.22-ны өдрийн 08:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 6 км зам туулан 08:54 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны “Баянмонгол” хорооллын 416 байранд иргэн З-ийн тагт дээр эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 10.22-ны өдрийн 14:53 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 5 км зам туулан 15:01 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлин Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны 14 дүгээр гудамжинд иргэн Б-ийн модон жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 10.22-ны өдрийн 15:05 цагт хүлээн авсан.Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 15:10 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.  

Дорнод аймгийн Хэрлэн сумын (Сүмбэр) 2 дугаар багийн 7 дугаар гудамжинд иргэн Г-ийн 11х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.22-ны өдрийн 18:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 18:09 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.

3.Зам тээврийн осол:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны “Задгай”-д автозамын зорчих хэсэгт автомашин мөргөлдөж хүн төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн тухай дуудлагыг 10.23-ны өдрийн 02:19 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 13 км зам туулан 02:31 цагт очиход “Норд бенз” загварын ачааны автомашины араас “Приус-11” загварын суудлын автомашин мөргөж жолооч Э/35 настай, эрэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчууладан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж НЯТТТ-д шилжүүлэн өгсөн. 

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Увс аймгийн Тэс сумын Баян-Овоо багийн “Жирээгийн-Адаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 25 км-т/ Тус сумын харьяат иргэн Н/36 настай, эрэгтэй/ мал тууж “Жирээ” голыг морьтой гаталж яваад живсэн тухай дуудлагыг 10.19-ний өдрийн 15:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд 10.22-ны өдрийн 08:00 цагаас эхлэн “Жирээ” голын усаар 16 км-т завиар урсаж, 2-3 метрийн гүнд 12 удаа шумбалт хийж, голын эрэг дагуу 20 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:10 цагт түр зогсоосон. 10.23-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.

5.Мэдээлэл:

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Харгана багийн “Мухар харганы-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 160 км, сумын төвөөс зүүн зүгт 30 км-т/ Тус сумын харьяат малчин Б-ийн 5 ханатай гэр 10.22-ны өдрийн 08:00 цагт шатсан. Мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 09:35 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top