Н.Хишигбаатар: Жолооч нар техникийн аюулгүй байдлаа бүрэн хангаагүйгээс ноцтой осол гарч байна

.png

П.Бат-Эрдэнэ

Шатахуун тээвэрлэж явсан авто цистерн осол гаргах болов. Тухайлбал,  2019 оны 02 сарын 14-нд Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт явж байсан хүнд даацын ачааны автомашин онхолдож, зургаан тонн орчим түлш асгарсан. 2020 оны 7-р сарын 15-нд Архангай аймгийн Цагаан даваанд болсон ноцтой ослын улмаас хүний амь нас хохирсон. Мөн саяхан  Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг “Байшинт” гэдэг газарт “Нэмэн” ХХК-ийн 25 тонн дизель түлш тээвэрлэж явсан авто машин осолдсон.

Уг ослын улмаас гэмтэл авсан хоёр иргэн аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байна.  Энэ мэт хүний амь нас, эд хөрөнгө, байгаль орчинд хохирол учруулсан осол гарч байгаа шалтгаан нөхцөлийн талаар Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймрийн улсын хяналтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Н.Хишигбаатартай ярилцлаа.

-Сүүлийн үед шатахуун тээвэрлэж яваа автомашин осолдох болжээ.  Тухайн осол юунаас болоод байна  вэ?

– Он гарсаар түлш ачсан авто цистерн осолдож хүний амь нас хохирсон харамсалтай явдал удаа дараа гарлаа. Уг нь аюултай ачаа тээвэрлэж буй аж ахуй нэгж, байгууллагууд нь ОБЕГ-аас Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа заавал авах ёстой. Үүнийгээ  тээвэр хийж байгаа жолооч нартаа танилцуулах, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаанд нь анхаарах шаардлагатай.

Мөн тээвэр хийж байгаа жолооч замын нөхцөл байдалдаа хөдөлгөөний хурдаа тохируулах хэрэгтэй байна. Байгууллага нь жолооч нараа эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулах, техникийн бүрэн, бүтэн байдлыг бүрэн хангах чухал шаардлагатай.

Тухайлбал, автомашины тоормос, мотор, дугуйны хээ, халтиргаатай үед хэрэглэх гинж, дугуйны ивүүр зэргийг бүрэн хангасан тохиолдолд тээвэрт явмаар байна. Гэтэл зарим жолооч нар ингээд л яваад сурчихсан, гайгүй байлгүй дээ гэсэн хэнэггүй, болгоомжгүй байдлаар хандаж осол гаргаж байна.

Түүнчлэн тээврийн хэрэгсэлд ямар нэгэн саатал учирвал жолооч нэн даруй зогсож тусламж авч техникийн аюулгүй байдлыг бүрэн болгож замын хөдөлгөөнөө үргэлжлүүлэх хэрэгтэй. Түүнээс биш “За яах вэ ингээд болно”, “ингэж аргалаад тэнд очино” гэж гоомой хандмааргүй байна.

-Өнгөрсөн долдугаар сард Архангайд, энэ сард Хөвсгөлд гарсан ослын дүгнэлт гарсан уу. Ослын шалтгаан нөхцөл нь юу байсан бэ?

– Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутагт 25 тонн дизель түлш тээвэрлэж явсан автомашин осолдсон шалтгаан нь тоормос нь ажиллагаагүй болсноос үүдэлтэй. Архангай аймгийн Цагаан даваанд болсон осол нь даваа өөд өгсөж явсан авто цистерний өөдөөс гэнэт суудлын автомашин гарч ирснээс онхолдсон байдаг. Энэ үед авто цистернээс гал гараагүй, суудлын автомашины галаас оч үсэрсэн гэх урьдчилсан дүгнэлт гарсан. Энэ нь нөгөө л тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайн хангаагүй, замын нөхцөл байдлыг зөв сонгоогүйгээс, мөн эсрэг талаас ирж буй хөдөлгөөнөө хянаж анхааралтай байгаагүйгээс болсон.

z3v9eu_oi993f_107927439_1760572397416842_17278945621737902_n_x974_x974 Дэд хурандаа Н.Хишигбаатар: Жолооч нар техникийн аюулгүй байдлаа бүрэн хангаагүйгээс ноцтой осол гарч байна

(Архангай аймгийн Цагаан даваанд болсон ослын үеийн зураг)

– Дээрх ослуудыг гаргасан автомашин нь Хятад Улсад үйлдвэрлэгдсэн “Норд-Бенз” маркийн автомашинууд  байсан. Энэ машин нь манай орны замд шатахуун тээвэрлэхэд хэр тохиромжтой юм бол?

– Шатахуун тээвэрлэгч байгууллага  автомашиныхаа гарал үүсэл, аюултай ачаа тээвэрлэхэд яг тохирсон эсэхийг маш сайн судалж, шалгах хэрэгтэй. Яг зориулалтын цоо шинэ автомашин уу, өмнө нь осол гэмтэлд өртөж байсан уу, магадгүй сэлбэж угсарсан ч байх юм билүү гэдгийг сайтар нягталж байх хэрэгтэй.  Энэ тухай авто тээврийн газар илүү тодорхой хэлнэ.

– Аюултай ачаа тээвэрлэдэг аж ахуй нэгж, компаниуд цаашид юуг онцгой анхаарах ёстой вэ?

– Аюултай ачаа тээврийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын мэргэжилтэн, жолооч нар ОБЕГ-аас зөвлөмж авах, мөн манай мэргэжилтнүүдээр техникийн аюулгүй байдлаа бүрэн шалгуулах шаардлагатай.

Авто цистерний будаг нь халцраагүй байх ёстой. Хэрвээ халцарч төмөр нь ил гарвал оч үсрэх аюултай. Мөн галын аюултай гэсэн тэмдэглэгээг өдөр, шөнийн алинд ч тод харагдахуйц газраа байрлуулсан байх, автомашины яндан нь оч хязгаарлагчтай байх, гал унтраах анхан шатны хэрэгсэл нь бүрэн байх гээд шаардлагууд тавигддаг.

Аж ахуй нэгжүүд, жолооч нар мэргэжлийн байгууллагаас тавьж буй шаардлагыг ухамсартайгаар хүлээн авч, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааг 100 айлын дэлгүүрээс худалдан авсан зүйлээрээ нүд хуурах төдийгөөр мөрдөхгүйгээр мэргэжлийн байгууллагын баталгаатай хэрэгсэл авах хэрэгтэй.

Тэгж байж өөрсдийнх нь болон бусдын амь нас, эрүүл мэнд баталгаатай хамгаалагдана гэдгийг ухамсарлах шаардлагатай байна.

ХӨВСГӨЛ3 Дэд хурандаа Н.Хишигбаатар: Жолооч нар техникийн аюулгүй байдлаа бүрэн хангаагүйгээс ноцтой осол гарч байна

(Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутагт  болсон ослын үеийн зураг)

– Аюултай ачаа тээвэрт явдаг жолооч нарт ямар зөвлөмж өгөх вэ?

– Нэн тэргүүнд эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж нойр хоолоо тохируулж хэвших ёстой юм. Мөн байгууллагууд ОБЕГ-т хандаж, жолооч нараа аюулгүй байдлын сургалтад хамруулах шаардлагатай. Ингэснээр галын хороо шуурхай зөв хэрэглэж сурах, ослын үед сэтгэлзүйн бэлтгэлтэй байж урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч сурах. Мөн гар утас болон GPS төхөөрөмжийг бүрэн ашиглаж яаралтай тусламж авдаг болох хэрэгтэй байна. Зарим жолооч нар галын хороо ашиглаж мэдэхгүй, түргэн тусламжийн дугаараа ч мэдэхгүй байна. Мөн жолооч автомашины кабиндаа газ ашиглаж хоол хийж байна. Энэ нь нэг л өдөр аюул дагуулж мэднэ.

Хамгийн чухал нь техникийн аюулгүй байдлаа 100 хувь бүрэн хангаж тээвэрт явах ёстой. Энэ бүхнийг онцгой анхаарч хэвлэл мэдээллээр цацагдаж буй зөвлөгөөг ажил болгоод амьдралдаа хэвшил болгомоор байна.

– Хүнсний дэлгүүрээр зарагддаг ахуйн хэрэглээний газ дэлбэрч иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна. Үүнээс хэрхэн сэрэмжлэх ёстой вэ?

–  Ахуйн хэрэглээний газ бол тун осолтой зүйл. Хэдэн жилийн өмнө цэнгээний газар дэлбэрч зузаан ханыг бүхлээр нь нураасан байдаг. Иргэд уг нэг удаагийн газыг хэрэглээд гэртээ байлгаж хэрхэвч болохгүй. Дууссан бол зохих газарт нь хая, дутуу ашигласан газыг байгалийн гэрэлтэй, гэр, байшинд хүүхэд багачуудаас хол сэрүүн газар хадгал. Иргэд гэртээ болон агааргүй орчинд хадгалж амь нас, эрүүл мэнддээ эрсдэл учруулаад байна.

Эх сурвалж: Updown.mn

scroll to top