Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 7-12 м/с, баруун, төв болон говийн аймгуудын нутгаар 16-18 м/с хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Хангайн уулархаг нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 12-17 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, өдөртөө 8-10 градус дулаан байна.

Төлөв байдал: 26-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26, 27-нд говь, тал, хээрийн нутгаар, 29-нд Алтайн салбар уулсаар түр зуур 16-18 м/с хүрч, шороон шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс, 4 градус дулаан байна. 28-наас нутгийн баруун хэсгээр, 29-нд ихэнх нутгаар дулаарна.

2. Гал түймэр:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 2 дугаар хэсэгт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.24-ний өдрийн 16:13 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 16:27 цагт очиж, иргэн Э-ийн 2×2 метрийн хэмжээтэй амбаар, 5 метрийн урттай хашаа шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Малын өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 10.24-ний өдрийн 16:23 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 40.5 км замыг туулан 17:07 цагт очиж, Төв аймгийн Баянцогт сумын малчин Л-ийн 6х20 метрийн хэмжээтэй өвөлжөө, 18 тонн өвс шатаж байсныг 2 цаг 20 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Боргүвээ баг дахь Дархан-Сүхбаатар чиглэлийн АО402 дугаартай автозамын зорчих хэсэгт ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.24-ний өдрийн 17:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 17:39 цагт очиж,П-ийн жолоодож явсан “25 төүн” загварын ачааны автомашины хөдөлгүүр, бүхээгийн хэсэг шатаж байсныг 2 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сумын (Сүмбэр) 9 дүгээр багийн 14 дүгээр байранд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.24-ний өдрийн 20:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 20:15 цагт очиж, иргэн А-ийн 7х7 метрийн хэмжээтэй байшинд эд, хогшил шатаж байсныг 43 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 16 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.24-ний өдрийн 21:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 7.5 км замыг туулан 21:37 цагт очиж, иргэн С-ийн 4×7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут унтраасан.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн Замын 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.24-ний өдрийн 23:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 23:46 цагт очиж, иргэн М-ийн 7х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 14 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар багийн “Шар булаг” гэдэг газар Байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.25-ны өдрийн 02:56 цагт хүлээн авсан. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 43.5 км замыг туулан 03:45 цагт очиж, иргэн А-ын 3×6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

3.Мэдээлэл:

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант баг дахь “Оюу толгой” ХХК-ийн далд уурхайн гүнд “Дозер скоптрам-ST14” загварын ачигч механизм 10.24-ний өдрийн 05:30 цагийн орчим шатсан тухай мэдээллийг 10.24-ний өдрийн 08:50 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газраас ажлын хэсэг тухайн уурхайд 10.24-ний өдөр очиж, нөхцөл байдалтай танилцаж ажилласан.

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Мухар хөндий багийн “Бардан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 98 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 35 км-т/ Тус сумын харьяат малчин Н-ийн 5 ханатай гэр, 3х4 метрийн хэмжээтэй амбаар 10.24-ний өдрийн 12:30 цагийн орчим шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 13:34 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэд ажиллаж мөн өдрийн 15:03 цагт унтраасан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.

4.Зам тээврийн осол:

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын (Тавантолгой) Сийрст багийн “2 дугаар гарам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 109 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 9 км-т/  “Гашуун сухайт” хилийн боомтоос “Таван толгой” уурхайн чиглэлд зорчиж явсан “Энержи ресурс” ХХК-ийн эзэмшлийн “Хово ZZ4257” загварын зүтгүүр, “Таван толгой” уурхайгаас “Гашуун сухайт” хилийн боомтын чиглэлд зорчиж явсан “Интер транс” ХХК-ийн эзэмшлийн “Норд бенз” загварын ачааны автомашинтай мөргөлдөж, автомашины төмөр хийцэд 1 хүн   хавчуулагдсан тухай дуудлагыг 10.25-ны өдрийн 02:42 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид 9 км замыг туулан 03:32 цагт очиж, жолооч О /49 настай, эрэгтэй/ хавчуулагдсан байсныг гаргаж, Эмнэлэгийн байгууллагад шилжүүлэн өгсөн. 

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, “Богд хан” уулын “Бөхөг түргэний-Ам” гэдэг газар 4 хүн самар түүж явснаас нийслэлийн Баянгол дүүргийн харьяат иргэн Ц /33 настай, эрэгтэй/ 10.19-ний өдөр отогийн байрнаасаа согтуугаар гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.24-ний өдрийн 08:47 цагт хүлээн авсан.Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 14:09 цагт “Богд хан” уулын “Бөхөг түргэний-Ам” гэдэг газар /отгоос 2.5 км-ын зайтай/-аас цогцсыг олж тус дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн.

Увс аймгийн Тэс сумын Баян-Овоо багийн “Жирээгийн-Адаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 25 км-т/ Тус сумын харьяат иргэн Н /36 настай, эрэгтэй/ мал тууж “Жирээ” голыг морьтой гаталж яваад живсэн тухай дуудлагыг 10.19-ний өдрийн 15:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд 10.24-ний өдрийн 08:00 цагаас эхлэн “Жирээ” голын усаар 10 км-т завиар урсаж, 4-5 метрийн гүнд 4 удаагийн шумбалтыг хийж, голын эрэг дагуу 18 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөнөөр мөн өдрийн 19:15 цагт зогсоосон.

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Мойлтын тохой” гэдэг газар “Туул” голын усанд суудлын автомашин суусан тухай дуудлагыг 10.25-ны өдрийн 01:43 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 20 км замыг туулан 02:30 цагт очиж, “Капа” загварын авто машин “Туул” голын усанд сууж, жолооч Б/35 настай, эрэгтэй/ осголтын байдалтай байсныг эсэн мэнд гаргаж Эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top