Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулсаар цас орно, бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, өдөртөө Алтайн салбар уулсаар 2-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Халх гол орчмоор 2-7 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 6-11 дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Салхи баруун өмнөөс 4-9 м/с, өдөртөө 8-10 градус дулаан байна.

Төлөв байдал: 29-ний өдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 31-ний өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 29-ний өдөр Алтайн салбар уулсаар, 30-ны өдөр ихэнх нутгаар, 31-ний өдөр нутгийн зарим газраар 15-17 м/с хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 30-нд баруун аймгуудын нутгаар, 31-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг хүйтэрнэ.

2. Гал түймэр:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 34 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.27-ны өдрийн 06:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 06:40 цагт очиж, иргэн Ч-ийн 10х20 метрийн хэмжээтэй байшин, 6х16 метрийн хэмжээтэй байшин, 3х12 метрийн хэмжээтэй чингэлэг, эд хогшил тус тус шатаж байсныг 1 цаг 40 минут ажиллаж унтраасан. Хүн нэмэгдүүлэн Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 06:58 цагт очиж 1 цаг 20 минут ажилласан. Уг гал түймэрт иргэн С /20 настай, эрэгтэй/, иргэн Б /20 настай, эрэгтэй/, иргэн А /17 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан байсныг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 29 дүгээр гудамжинд “Автомашин засвар”-ын газар шатаж байна гэсэн дуудлагыг 10.27-ны өдрийн 07:29 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 07:34 цагт очиж, иргэн Я-ын 6х12 метрийн хэмжээтэй 2 давхар ажилчдын байр шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.27-ны өдрийн 12:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 12:26 цагт очиж, иргэн О-ийн 6х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 43 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.27-ны өдрийн 21:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 21:52 цагт очиж, иргэн О-ийн 4х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн Тосгоны 3 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.27-ны өдрийн 23:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 23:52 цагт очиж, иргэн М-ын 6х15 хэмжээтэй өвлийн байшин шатаж байсныг 1 цаг 23 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Зурагтын 3 дугаар гудамжинд иргэн Л-ийн хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 10.28-ны өдрийн 02:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 02:25 цагт очиж, 2 метрийн урттай хашаа шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр: Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн “Цагаан тал” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 160 км-т, сумын төвөөс урд зүгт 45 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.27-ны өдрийн 17:50 цагт хүлээн авсан.  Тус сумын Баян-Өлзийт багийн иргэд ажиллаж, мөн өдрийн 18:20 цагт бүрэн унтраасан. Түймэрт нийт 50 га талбай шатсан.   

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top