Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Завхан, Увс аймгуудын нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 7-12 м/с, говийн бүс нутгаар 15-17 м/с хүрч, шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутаг болон Дархадын хотгороор 1-6 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын талын нутгаар 9-14 градус, бусад нутгаар 3-8 дулаан байна.  

Улаанбаатар хотод: Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. Өдөртөө 5-7 градус дулаан байна.

Төлөв байдал: 31-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11 дүгээр сарын 1-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 31-нд нутгийн зарим газраар, 11 дүгээр сарын 1, 2-нд говь, тал хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 31-нээс ихэнх нутгаар, 1, 2-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна. 3-наас ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.

2. Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн 40 дүгээр гудамжинд “Баярс” ХХК-ийн хашаанд барилгын модон материал шатаж байна гэсэн дуудлагыг 10.29-ний өдрийн 14:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 14:25 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан. 

Хувийн өмчид гарсан: Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6 дугаар багийн 3 дугаар байрт гал гарч байна гэсэн дуудлагыг 10.29-ний өдрийн 16:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 18 км замыг туулан 17:12 цагт очиж, иргэн Б-ийн 5,5х7 метрийн хэмжээтэй байшин доторх эд хогшил шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, 6 буудлын автобусны буудлын хажууд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг иргэн 10.30-ны өдрийн 01:15 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 01:20 цагт очиж, иргэн Б-ийн “Вольсваген” загварын суудлын автомашины моторын хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бурагчин багийн “Модон завод” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 134 км-т, сумын төвөөс урд зүгт 36 км–т/ Тус сумын харьяат иргэн Р /53 настай, эмэгтэй/ 10.29-ний өдрийн 12:00 цагийн орчим усанд яваад “Ерөө” голд осолдсон тухай дуудлагыг 10.29-ний өдрийн 15:21 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 134 км замыг туулан мөн өдрийн 21:15 цагт очиж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 10.30-ны өдрийн 07:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, 54 дүгээр байрны 1 дүгээр орцонд иргэн Б хаалгаа онгойлгохгүй байна гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 05:11 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 6 км замыг туулан 05:25 цагт очиж, иргэн Б/31 настай, эрэгтэй/ амиа хорлох сэдэлтэй байсныг 3 дугаар давхрын цонхоор орж хаалгыг онгойлгож тус дүүргийн хэлтэст хүлээлгэн өгсөн.

4.Мэдээлэл:

Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багийн “Өлгийн даваа” гэдэг газарт /аймгийн төвөөс хойд зүгт 200 км-т, сумын төвөөс хойд зүгт 76 км-т/ Сэлэнгэ аймгийн харьяат иргэн Л-ийн жолоодож явсан “Зил 131” загварын ачааны автомашинтай 11 иргэн самар түүгээд буцаж явж байгаад 60 метрийн өндөр хавцал руу унаж 4 иргэн эсэн мэнд, 6 иргэн бэртсэн, 1 иргэн нас барсан тухай мэдээллийг аймгийн Цагдаагийн газрын жижүүр 10.29-ний өдрийн 00:25 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн. Тус аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, сумын Эрүүл мэндийн төвийн ажилтнууд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Б/46 настай, эрэгтэй/, Дархан-Уул аймгийн Орхон сумын харьяат М /38 настай, эрэгтэй/, Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Э/36 настай, эрэгтэй/, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат М/36 настай, эрэгтэй/, Сэлэнгэ аймгийн Түнхэл сумын харьяат Л /35 настай, эрэгтэй/, Баянхонгор аймгийн Богд сумын харьяат Б /32 настай, эрэгтэй/, нарыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгч, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат Г/36 настай, эрэгтэй/-ийн цогцсыг Төв аймгийн Батсүмбэр сумын Цагдаагийн хэсэгт шилжүүлж өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top