ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ӨВӨЛЖИЛТ ӨНТЭЙ САЙХАН БАЙНА

Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын 2015 оны №08 тушаалаар байгуулагдсан өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах Улсын онцгой комиссын шуурхай ажлын хэсэг өчигдөр баруун болон төвийн бүсийн, зүүн болон говийн бүсийн чиглэлд замдаа гарлаа.

Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан ажлын хэсэгт ХХААЯ, ЭМЯ, ЗТЯ, ОБЕГ, ЦЕГ, МХЕГ-ын холбогдох албан тушаалтнууд багтаж байгаа бөгөөд Өвөрхангай, Банхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгуудад ажиллаж байна.

Ажлын хэсгийнхэн өчигдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл, Өлзийт, Бүрд, Хархорин,  Арвайхээр, Хайрхандулаан, Нарийнтээл, Тарагт сумаар ороход өнтэй сайхан өвөл болж байна гэсэн халуун дулаан үг сонслоо.

Өвөрхангай аймгийн хувьд Монгол Улсын Засгийн газрын 292 дугаар тогтоолын дагуу өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангасан, энэ өвөл нийт  15370 өрхийн 4,5 сая мал өвөлжиж байна. Өвс, хадлан тэжээлийн хувьд 27700 тн өвс, 5200 тн гар тэжээл, 520 тн ногоон тэжээл, 345 тн үйлдвэрийн тэжээл, 9220 тн хужир шүү бэлтгэжээ.

Аймгийн хэмжээнд уурын зуухнуудын засвар үйлчилгээг бүрэн хийсэн, нүүрс татан авалт 30 хувьтай, Баянтээгийн нүүрсний уурхайн хөрс хуулалт бүрэн хийгдсэн, нүүрсний чанар сайн байна. “АЗЗА” ТӨХК-ийн машин техник, хүн хүчний бэлэн байдлыг хангуулж, цаг агаарын улмаас  цасанд хаагддаг АО301-АО302 улсын чанартай авто замын дагуу 2 ажлын хэсэг гарч ажиллаж байна.

 Аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Д.Тогтохсүрэн “Энэ жил манай аймагт өвөлжилт өнөтэй сайхан байна. Аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайн хангасан. Бэрхшээлтэй нэг асуудал нь Хайрхандулаан сумын хүн эмнэлэг шуурхай албаны үйлчилгээ явуулах  түргэн тусламжний автомашин бүрэн зогссон, нөхцөл байдал хүнд байна. Дөнгөж сая дуудлаганд гарах автомашингүй  болохоор нь аймгийн Засаг даргын тамгын газрын машиныг Хайрхандулаан сум руу хөдөлгөлөө” гэсэн юм.

Аймгийн хэмжээнд 12 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар алслагдмал газарт амьдардаг төрөх насны 33 жирэмсэн эхийг төв, суурин газарт байрлуулж, эхийн эндэгдэлгүй байгаа гэж Эрүүл мэндийн газрын дарга хэллээ.

Орон нутагт ажиллах үеэр тус аймгийн Бүрд сумын 2 дугаар багийн иргэдтэй уулзсан юм. Малчид ”Манай нутагт энэ жил үнэхээр сайхан өвөл болж байна. Малын амны устай, малчид ч өөрсдөө өвс, тэжээлээ боломжийнхоо хэмжээнд сайтар бэлтгэлээ. Харин баруун аймгуудын зарим нутгаар өвөлжилт их хүнд байгаа гэж сонслоо. Эдгээр малчдад Та бүхэн минь сайн тусалж, тодорхой арга хэмжээг авч өгөөрэй ” гэж өөр аймгийн малчиддаа санаа зовниж хэлж байсан юм.

Улсын онцгой комиссын Ажлын хэсэг Өвөрхангай аймгийн өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаад эхний ээлжинд Хайрхандулаан сумын хүн эмнэлгийн автомашины асуудлыг зайлшгүй  шаардлагатай гэж үзлээ.

scroll to top