Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар, Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай аймгуудад цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 0 градус орчим байна.

Төлөв байдал: 1-нд төв аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, 3-4-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 1, 2-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. 1, 2-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна. 3-наас ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.

2. Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын (Тавантолгой) Сийрст багийн “25-ын пост” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 125 км, сумын төвөөс урд зүгт 25 км/ “Их говийн элч” ХХК-ийн хашаанд 6 тн нүүрс шатаж байна гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 20:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид, “Их говийн элч” ХХК-ийн ажилтнууд 25 км замыг туулан 20:40 цагт очиж 13 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан:Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос-Уулын 17 дугаар гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 11:14 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 9 км замыг туулан 11:23 цагт очиж иргэн Ө-ын Приус-10 загварын автомашин, Б-ийн 4 ханатай гэр тус тус шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот баг “Шар бударгана” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 60 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 48 км/ Малчин С-ын 4х5 метрийн хэмжээтэй малын хашаа, бууц шатаж байна гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 16:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 21 дүгээр ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 60 км замыг туулан 17:53 цагт очиж 37 минут ажиллаж унтраасан.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг “Сангийн аж ахуйн” 6-н байрны 31 тоотод Иргэн А-ийн 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.31-ны өдрийн 00:24 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 00:27 цагт очиж 7 минут ажиллаж унтраасан.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Арвижих багийн 1 дүгээр гудамжинд иргэн Д-ын 11х8 метрийн хэмжээтэй “Эгэл хайрхан” цайны газрын байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.31-ны өдрийн 01:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 01.59 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр:Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгоны Бэрх багийн “Олон нуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 55 км, сумын төвөөс баруун урд зүгт 17 км /-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.30-ны өдрийн 18:37 цагт хүлээн авсан.Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид гал түймрийг мөн өдрийн 20:00 цагт цурамд оруулж 20:15 цагт бүрэн унтраасан. Гал түймэрт хээрийн 0.2 га талбай өртөж шатсан.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн ам Ихэр толгой уулын зүүн аманд 5 хүн самар түүхээр яваад 2 хүн сураггүй болсон тухай дуудлагыг 10.30-ны өдрийн 21:59 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид, ар гэрийнхэн 10.31-ний өдрийн 02:30 цагаас эхлэн “Улиастайн-Ам” гэдэг газраас “Ихэр толгой” уулын зүүн ам гэдэг газар хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бурагчин багийн “Модон завод” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 134 км-т, сумын төвөөс урд зүгт 36 км-т/Тус сумын харьяат иргэн Р /53 настай, эмэгтэй/ 10.29-ний өдрийн 12:00 цагийн орчим усанд яваад “Ерөө” голд осолдсон тухай дуудлагыг 10.29-ний өдрийн 15:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, ар гэрийнхэн 10.30-ны өдрийн 07:00 цагаас эхлэн “Япон толгой” гэдэг газраас “Модон заводын хошуу” гэдэг газар хүртэл усаар 40 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 17:20 цагт зогсоосон. 10.31-ний өдрийн 07:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн “Хустайн даваа” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун зүгт 7 км, сумын төвөөс баруун хойд зүгт 21 км/ 10.30-ны өдрийн 14:00 цагийн орчим цас орж автозамын зорчих хэсэг мөстөж гулгаа үүсч автомашины хөдөлгөөн саатсан тухай дуудлагыг 10.30-ны өдрийн 17:48 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчид 7 км замыг туулан 18:04 цагт очиж 1:23 цаг ажиллаж 19:27 цагт автозамын зорчих хэсгийн хөдөлгөөнийг хэвийн болгосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top