Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод, Завхан, Хөвсгөл аймгийн нутгийн зарим хэсгээр цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.  Их төлөв баруун хойноос 6-11 м/с, говь, талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус дулаан, бусад нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, 2-4 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 2-ны өдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, 3-4-ний өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 2-ны өдөр говь, тал хээрийн нутгаар, 4-ний өдөр Алтайн салбар уулсаар, 5-ны өдөр зарим газраар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна. 3-наас ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

2. Гал түймэр:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Баянбулагийн 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.31-ний өдрийн 12:15 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 12:24 цагт очиж, иргэн А-ийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 32 дугаар байрны 2 дугаар орцны 1 дүгээр давхар цайны газарт гал гарч байна гэсэн дуудлагыг 10.31-ний өдрийн 15:59 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 0.5 км замыг туулан 16:02 цагт очиж, тус байрын иргэн Т-ийн 3х4 метрийн хэмжээтэй “Зоог 777” цайны газрын хоол бэлтгэх өрөөнд эд, хогшил шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баянхайрханы 6 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.31-ний өдрийн 22:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 22:12 цагт очиж, иргэн Б-ын 7х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг 55 минут ажиллаж унтраасан.

Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн ажилчдын хорооллын 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.31-ний өдрийн 19:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 19:55 цагт очиж, иргэн М-ийн 6 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Алтантал багийн “Морин толгой” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 45 км, аймгийн төвөөс баруун урд зүгт 14 км-т/ Малчин Ө-ын 4х5 метрийн хэмжээтэй малын өвөлжөө, бууц шатаж байна гэсэн дуудлагыг 11.01-ний өдрийн 06:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 14 км замыг туулан 06:40 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн-Амны Ихэр толгой уулын зүүн ам гэдэг газар 5 хүн самар түүж явснаас иргэн А /22 настай, эрэгтэй/, иргэн З /22 настай, эмэгтэй/ нар сураггүй болсон тухай дуудлагыг 10.30-ны өдрийн 21:59 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид10.31-ний өдрийн 02:30 цагаас эхлэн “Улиастайн-Ам” гэдэг газраас “Ихэр толгой” уулын зүүн ам гэдэг газар хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 09:00 цагт иргэн А, З нар /сураггүй болсон газраас 3 км-ын зайд/-ыг эсэн мэнд олж, тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бурагчин багийн Модон завод гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 134 км-т, сумын төвөөс урд зүгт 36 км-т/Тус сумын харьяат иргэн Р /53 настай, эмэгтэй/ 10.29-ний өдрийн 12:00 цагийн орчим усанд яваад “Ерөө” голд осолдсон тухай дуудлагыг 10.29-ний өдрийн 15:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, ар гэрийнхэн 10.31-ний өдрийн 07:30 цагаас эхлэн “Япон толгой” гэдэг газраас “Чацаргантын тохой” гэдэг газар хүртэл усаар нийт 56 км-т, голын эрэг дагуу явганаар 35 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:00 цагт түр зогсоосон. 11.01-ний өдрийн 07:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top