Алба хаагчдын нийгмийн баталгааг дээшлүүлэх журмуудыг батлууллаа

vIfmqdQMUBKnlvmYj1Bs.jpg

  Засгийн газрын өнөөдрийн /2020.11.04/ хуралдаанаар “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан ажлын онцгой нөхцлийн нэмэгдэл олгох журам”-д өөрчлөлт оруулж, “Алслагдсан аймаг, сумын нутаг дэвсгэрт байрлах Онцгой байдлын байгууллагын харьяа нэгжид томилогдон ажиллаж байгаа алба хаагчид нэмэгдэл олгох журам”, “Онцгой байдлын байгууллагын алба хаагч хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд нэг удаагийн нөхөн олговор олгох журам”-уудыг шинээр батлууллаа.

 Улсын Их Хурлаар 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр баталсан  “Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн 50.9-т “Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээ албан тушаалын үндсэн цалингийн 30 хувиас доошгүй байна” гэж заасны дагуу “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан ажлын онцгой нөхцлийн нэмэгдэл олгох журам”-ыг шинэчлэн батлуулав.

“Алслагдсан аймаг, сумын нутаг дэвсгэрт байрлах Онцгой байдлын байгууллагын харьяа нэгжид томилогдон ажиллаж байгаа алба хаагчид нэмэгдэл олгох журам” батлагдснаар Улаанбаатар хотоос алслагдсан аймаг, суманд байрлах Онцгой байдлын байгууллагын салбар нэгжид томилогдон ажиллаж байгаа алба хаагчдад таван жилийн хугацаанд улирал тутам нэмэгдэл олгож, алба хаагчдын тогтвор суурьшилтай ажиллах, нийгмийн баталгаа дээшлэх боломжийг бүрдүүллээ.

Мөн “Онцгой байдлын байгууллагын алба хаагч хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд нэг удаагийн нөхөн олговор олгох журам” батлагдснаар Онцгой байдлын байгууллагын алба хаагч албан үүргээ гүйцэтгэх явцад хөдөлмөрийн чадвараа алдсан бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30, 60, 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн нөхөн олговор авч байх эрхзүйн орчин бүрдэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top