Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Говь-Алтай, Завхан, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл, Ховд аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос 8-13 м/с, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 градус, Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчим, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 5-10 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос 8-13 м/с, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 6-ны өдөр баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 7-ны өдөр зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-ны өдөр Хэнтэйн уулсаар, 9-ний өдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 6-ны өдөр зарим газраар, 7, 8-ны өдөр говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. 7-ны өдөр баруун аймгуудын нутгаар, 8,9-ны өдөр ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

2. Гал түймэр:

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Төмөр зам багийн 45 дугаар байрны 5 дугаар орцны зоорийн давхар иргэн Ц-ийн оёдлын цехээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 11.04-ний өдрийн 16:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 17:09 цагт очиж, 5х6 хэмжээтэй өрөөнд эд зүйлс шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн 5 дугаар цэцэрлэгийн ашиглагдахаа байсан байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.04-ний өдрийн 17:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 17:57 цагт очиж, 6х6 метрийн хэмжээтэй байшингийн шалны хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн Жаал-Уулын 8 дугаар гудамжинд иргэн Н-ын гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.05-ны өдрийн 04:05 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 04:09 цагт очиж, 5 ханатай гэр, 2х3 хэмжээтэй үүдний амбаар, эд хогшлын хамт шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, “Тэнгэрийн найзууд” ХХК Харуулын байр шатаж байна гэсэн дуудлагыг 11.04-ний өдрийн 18:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 37 км замыг туулан 19:18 цагт очиж, харуулын байрны дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүнбаянцагааны 4 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.05-ны өдрийн 02:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 02:35 цагт очиж, 5 ханатай гэр шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн “Эмээлтийн цохио” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 36 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 16 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 11.04-ний өдрийн 16:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд мөн өдрийн 18:51 цагт унтраасан. /Түймэрт нийт 4 га талбай шатсан/

 4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн “Сүүж булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 66 км, сумын төвөөс хойд зүгт 34 км/-т Малчин Э /38 настай, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/ 11.02-ны өдрийн 18:00 цагийн орчим явганаар мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.03-ны өдрийн 14:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, сумын цагдаагийн хэлтэс, сум дундын эмнэлгийн мэргэжилтнүүд 11.04-ний өдрийн 07:00 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад тухайн иргэн “Адгийн хадан-Ус” гэдэг газар малчин Б /сураггүй болсон газраас 5 км-т/-ынд эсэн мэнд байна гэж ар гэрийнхэнтэйгээ холбоо барьсан тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буургачин багийн “Модон завод” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 134 км-т, сумын төвөөс урд зүгт 36 км-т/ Тус сумын харьяат иргэн Р /53 настай, эмэгтэй/ 10.29-ний өдрийн 12:00 цагийн орчим усанд яваад “Ерөө” голд осолдсон тухай дуудлагыг 10.29-ний өдрийн 15:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, ар гэрийнхэн 11.04-ний өдрийн 08:30 цагаас эхлэн 2 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг тус багийн “Модон завод” гэдэг газраас “Ерөөгийн гүүр” гэдэг газар хүртэл завиар 50 км-т, 2 дугаар бүлэг голын эрэг дагуу явганаар 50 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөнөөр мөн өдрийн 18:15 цагт зогсоосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top