Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Говь-Алтай, Дорнод, Завхан, Сэлэнгэ, Төв аймгуудын нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 8-13 м/с, говь, тал, хээрийн нутгаар түр зуур 18-20 м/с хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 градус, Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 5-10 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Үүлшинэ, ялимгүй цас орно, салхи баруун хойноос 6-11 м/с, зарим үед 13-15 м/с хүрч ширүүснэ, өдөртөө 1 градус дулаан байна.

Төлөв байдал: 7-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд Хэнтэйн уулсаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 7, 8-нд говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч шороон шуурга шуурна. 7-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна.

2. Гал түймэр:

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны “Бурхант”-ын 14 дүгээр гудамжинд иргэн Н-ын 8х9 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.05-ны өдрийн 05:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 05:43 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны 2 дугаар гудамжинд иргэн О-ийн 26х9.5 метрийн хэмжээтэй нийтийн байрны барилга шатаж байна гэсэн дуудлагыг 11.06-ны өдрийн 02:11 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 02:18 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 4 иргэнийг гаргасан.

3.Зам тээврийн осол:

Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн “Булангийн-Овоо” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 35 км-т, аймгийн төвөөс зүүн урд зүгт 45 км-т/ ачааны автомашин онхолдож 2 хүн нас барсан тухай дуудлагыг 11.05-ны өдрийн 13:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 45 км зам туулан 14:26 цагт очиход Баянхонгор аймгийн Баянхонгор сумаас Баян-Өлгий аймгийн Өлгий сумын чиглэлд 1 зорчигчтой зорчиж явсан “Норд бенз” загварын ачааны автомашин онхолдож жолооч Увс аймгийн Улаангом сумын иргэн Л/44 настай, эрэгтэй/, Ц /50 настай, эмэгтэй/ нар автомашины бүхээгт хавчуулагдан нас барсан тул цогцсыг гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

4. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны 75/6 дугаар байранд иргэн Н /29 настай, эрэгтэй/ нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гэр бүлдээ хүчирхийлэл үйлдэж байсан тул байрны хаалгыг онгойлгох тухай хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 11.06-ны өдрийн 00:31 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 11 км зам туулан 00:50 цагт очиж хаалгыг онгойлгон Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top