Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын 2015 оны №08 тушаалаар өвөлжилтийн байдалтай танилцаж, үнэлгээ хийх зорилгоор баруун аймгуудад ажиллаж буй Улсын онцгой комиссын шуурхай ажлын хэсэг 12 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд Ховд аймагт ажиллаж байна.
Тус аймаг нийт 17 сумтай, дэд бүтэц сайн хөгжсөн, монгол орны баруун бүсийн тулгуур төв, олон ястны өлгий нутаг юм. Аймгийн хэмжээнд засмал замтай холбогдоогүй ердөө 3 сум, интернэтийн сүлжээнд холбогдоогүй 1 сум байна гэхээр үнэхээр дэд бүтэц, холбоо харилцаа сайн хөгжсөнийг илтгэж байгаа юм.
2015-2016 оны өвөл аймгийн хэмжээнд нийт 4,2 сая мал өвөлжиж байгаа бөгөөд Засгийн газрын 2015 оны 292 дугаар тогтоолын дагуу өвөлжилтийн бэлтгэл ажлаа 90 хувьтай хангаж, өвс, тэжээлийн нөөцийг хангалттай бүрдүүлжээ.
Улсын онцгой комиссын “Шуурхай бүлэг-1” ажлын хэсгийн хурал 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 22.00 цагт Ховд аймгийн төвд 16 хүний бүрэлдэхүүнтэй хуралдаж, ажлын хэсгийн ахлагч, Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар холбогдох үүрэг даалгаврыг өглөө.
Өнөөдрийн байдлаар Ховд аймагт өвөлжилт хэвийн байна. Алтайн нурууны салбар уулсаар цасан бүрхүүл тогтсон. Тус аймгийн Алтай, Үенч, Булган, Мөнххайрхан, Мөст сумдын нутагт уул болон тал газартаа 15-20 см-ийн цастай, нэмж хур тунадас орвол өвөлжилт хүндэрч болзошгүй.
Аймгийн хэмжээнд энэ онд гарсан тарваган тахлын хүний өвчлөл, боом өвчинтэй тэмцэхэд зарцуулсан нийт 76,0 сая төгрөгийн асуудлыг зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай байна. Уг өвчинтэй тэмцэх ажилд оролцсон, зохион байгуулсан орон нутгийн төрийн захиргааны болон мэргэжлийн байгууллагууд шатахуун түгээх станцуудад бензиний өртйэ болжээ.
Ховд аймаг нь өндөр уулын бүс, хад, чулуу ихтэй, гэнэтийн хүчтэй шуурга шуурдаг газар зүйн онцлогтой учраас онцгой байдал, цагдаа, эмнэлгийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэхэд автомашины дугуй, эд анги амархан эвдэрдэг, шатахууны лимит хүрдэггүй, бензин, шатах тослох материал их зарцуулдаг бэрхшээл учирдаг байна.
Хурлын үеэр Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Алтангэрэл “Эрүүл мэнд, спортын яамнаас 2015 онд парк шинэчлэлтийн ажлын хүрээнд Ховд аймгийн Дарви, Мянгад, Мөст, Ховд сумын эрүүл мэндийн байгууллагад түргэний автомашин өгөхөөр шийдвэрлэсэн. Гэвч газар дээрээ байдал хамгийн хүнд байгаа сум нь Мөнххайрхан.
Энэ сум аймгийн төвөөс 180 гаруй км-ийн зайтай, өнгөрсөн зун үерийн улмаас зам нь ихээр эвдэрсэн, түргэн тусламжийн автомашины гүйлтийн норм дуусч, бүрэн зогссон. Зам хаагдсан тохиолдолд тойрч 210 км явдаг. Эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхийн тулд Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын автомашиныг ашиглаж байгаа тул Эрүүл мэнд, спортын яамнаас Мянгад суманд хуваарилсан түргэний автомашиныг Мөнххайрхан суманд шилжүүлж шийдвэрлэж өгнө үү. Мөн дуудлаганд явахад бензин, шатахууны асуудал үнэхээр хүнд байна. Иймд тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлэхийг хүсье” гэсэн юм. Мөн Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга З.Лувсан энэ оны хоёрдугаар сард гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх үеэр БНХАУ-ын Шинжан Уйгарын Алтай аймгаас тусламжаар ирүүлсэн нийт ариутгалын 3 пункт, 3 платка, 1 тн-ын багтаамжтай 4 ширхэг усны сав, 4 ширхэг дизел цахилгаан үүсгүүр, 2 тн ариутгалын хлорын бодисыг тухайн үед Хөшөөт, Булганы боомтоор нэвтэрсэн тээврийн хэрэгсэл, ард иргэдийг ариутгаж халдваргүйжүүлэхэд ашигласан. Одоо гааль дээр үлдсэн ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг татан авах тээврийн зардал болон баруун талын 5 сумын өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцаж, малчдад нийгэм, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд хэрэгцээтэй байгаа шатахууны зардлыг шийдвэрлэж өгөх хүсэлт тавилаа.
Аймгийн хэмжээнд үүсээд байгаа цаг үеийн тулгамдсан асуудлуудтай холбогдуулан шаардлагатай хөрөнгийн асуудлуудыг шийдвэрлэх нь зүйтэй гэж Улсын онцгой комиссын Ажлын хэсэг үзсэн юм.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн улсын нөөцийн цэг, салбаруудад байгаа өвсийг үнэгүй, тэжээлийн үнийг 50 хувь хямдруулах шийдвэрийн хүрээнд өвс, тэжээлийг зориулалт бусаар зарцуулах, дамлан худалдаалах, танил тал, хамаатан садандаа өгөх зэрэг хууль бус хуваарилалт хийхээс урьчдилан сэргийлж, хяналт тавьж ажиллахыг аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Цэрэнсамбуу, Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа С.Өлзийхишиг, Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Мягмарцоож нарт тус тус үүрэг болгов.
Ажлын хэсгийнхэн маргааш Баян-Өлгий аймагт ажиллана.