1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Хэнтэйн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас 5-10 м/с, Алтайн салбар уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 8-13 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж 5-10 м/с. Өдөртөө 4-6 градус дулаан байна.
Төлөв байдал: 13-нд Монгол Алтайн уулсаар, 14-нд Хөвсгөл, Хэнтэйн уулсаар ялимгүй цас орно. Салхи 13-нд Алтайн салбар уулсаар, 14-нд нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.
2. Гал түймэр:
Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 6 дугаар гудамжинд авто угаалгын газар шатаж байна гэсэн дуудлагыг 11.10-ны өдрийн 21:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 21:23 цагт очиж, иргэн Г-ийн 24х16 метрийн хэмжээтэй авто угаалгын газрын гадна тал шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
3.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мандалхайрхан багийн “Улаан толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 40 км, сумын төвөөс баруун урд зүгт 20 км/-т 10.22-ны өдрийн 16:00 цагийн орчим иргэн Т/40 настай, эрэгтэй, нийслэлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо 4 дүгээр хороолол 11 дүгээр байр 280 тоотод оршин суугч/ “Цагаан цахир” алтны уурхайн харуулд хүнс хүргэж өгөхөөр яваад сураггүй болсныг тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул дэмжлэг үзүүлэх тухай хүсэлтийг 11.07-ны өдрийн 14:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. Ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр эрэн хайх ажиллагааг зогсоосон.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн 3 дугаар гудамжинд хүүхэд нүхэн жорлонд унасан тухай дуудлагыг 11.10-ны өдрийн 14:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 5 км замыг туулан 15:06 цагт очиж, иргэн Т /1.6 настай, эрэгтэй/ 2.5 метрийн гүнтэй нүхэн жорлонд унасан байсныг 3 минут ажиллан гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР