Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар ээлжит бусаар хуралдаж УОК-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийг авч хэлэлцэн Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.3-ыг үндэслэн коронавируст халдварын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 14 хоногоор буюу 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгалаа.
Эрүүл мэндийн яам болон Эрдэмтдийн зөвлөлөөс одоо явагдаж буй тандалт судалгааны ажлыг дуусгах, цаашид тохиолдлын дам халдваруудыг тогтоох, шинжилгээнд хамруулах ажлуудыг өргөн хүрээнд хийх шаардлагатай учир хөл хориог ийнхүү 14 хоног сунгах шийдвэрийг гаргалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.