Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Дорнод, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Өмнөговь, Өвөрхангай, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар цас орсон.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 6-11 м/с, зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна.

  Улаанбаатар хотод: Үүлэрхэг, цас орохгүй, салхи баруун хойноос 6-11 м/с, 0-2 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас, 21-нд нутгийн зүүн хэсэг, 22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 19-нд нутгийн зарим газраар, 20-нд говь, талын нутгаар, 21, 22-нд тал хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус, Алтайн уулархаг нутаг,  Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан:Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны “Бэлх”-ийн 28 дугаар гудамжинд иргэн Э-ын 6х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.17-ны өдрийн 17:46 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км зам туулан 17:50 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын (Тавантолгой) Сийрст багийн “Босгын хар” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 25 км-т/ “Хар толгой” нуурын усанд Цогт-Овоо сумын харьяат иргэн Т /35 настай, эрэгтэй/ мал усалж байгаад живсэн тухай дуудлагыг 11.17-ны өдрийн 12:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид Энержи ресурс ХХК-ийн ажилтнууд 25 км зам туулан 12:55 цагт очиж нуурын эргээс 5 метр, 5 метрийн гүнээс цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны “Бага наран”-гийн 34 дүгээр гудамжинд бага насны хүүхэд угаалгын машины сэгсрэгчид хөлөө хавчуулсан тухай дуудлагыг 11.17-ны өдрийн 22:30 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 11 км зам туулан 22:45 цагт очиж Т /4 настай, эрэгтэй/ хөлөө угаалгын машины сэгсрэгчид хавчуулсан байсныг гаргасан. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top