Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

  1. Цаг агаар

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар, Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл Хэнтий аймгуудад цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 15-20 градус, Увс нуурын хотгор, Алтай Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 11-16 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 9-11 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 21-нд говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 22-нд Хэнтэйн уулархаг нутгаар, 24-нд баруун аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 21, 22-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 14-19 градус, Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. 21-нээс өдөртөө нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.

2. Обьектын гал түймэр

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэгт дэлгүүрт гал гарч байна гэсэн дуудлагаар /2020.11.20-ны өдрийн 06:16 цагт / тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 10 км замыг туулан очиж “Зайсан-52” байрны өргөтгөлд иргэн С-ийн 100х70 метрийн хэмжээтэй дэлгүүрт 3 ширхэг хөлдөөгч шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

2020 он гарсаар обьектын гал түймрийн 2912 тохиолдол бүртгэгдэж, /гал түймэр дээр ажилласан 1607, зөрчил 1112, мэдээлэл 193 тохиолдол бүртгэгдэж, 104 иргэний /том хүн 87, хүүхэд 17/ амь насыг аварч, гал түймэрт 63 иргэн /том хүн 44, хүүхэд 19/ өртөж нас барж, 20 иргэн /том хүн 16, хүүхэд 4/ түлэгдсэн, 7 иргэн /6 том хүн, 1 хүүхэд/ угаартсанаас, 3 иргэн /том хүн 3, хүүхэд 0/ угаартаж нас барж, 823 мал /бод 13, бог 810/ хорогдсон.

2020.11.19-ний өдрийн байдлаар нийслэлд гал түймрийн 1 тохиолдол бүртгэгдсэн.

3. Эрэн хайх ажиллагаа

Дорноговь аймаг, Сайншанд сум 1 дүгээр багийн “Тогоот” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 25 км, сумын төвөөс баруун урд зүгт 25 км-т/ малчин Т /33 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/ 11.19-ний өдрийн 16:00 цагийн үед явганаар мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, ар гэрийнхэн  нийт 15 хүн, 1 автомашин, 4 мотоциклтойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 22:02 цагт аймгийн төвөөс баруун урд зүгт 18 км-т “Хаалгын булаг” гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Баянхонгор аймаг, Баацагаан сум Товгор багийн “Хөх эргийн гарам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 100 км, сумын төвөөс баруун урд зүгт 60 км-т/ Говь-Алтай аймгийн Чандмань сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчин явсан иргэн Н-ын 95-57 ГАУ улсын дугаартай, ”Тоёота королла” загварын суудлын  автомашин элсэнд суусан тухай дуудлагаар /2020.11.19-ний өдрийн 14:50 цагт/ хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар алба хаагчид 60 км замыг туулан очиж 3 цаг ажиллан 1 том хүн, 2 хүүхдийг аварч гаргасан.

2020 он гарсаар ус, цас, шавар, элсэнд суусан 48 тохиолдол бүртгэгдэж, 116 иргэнийг /том хүн 105, хүүхэд 11/ аюулгүй болгосон. 2020.11.19-ний өдрийн байдлаар баянхонгор аймгийн Баацагаан суманд 1 тохиолдол бүртгэгдсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top