Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь, Увс аймгийн зарим газраар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 6-11 м/с. Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 15-20 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 11-16 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с, 9-11 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 22-ны өдөр Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар, 24-ний өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 22, 25-ны өдөр говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Өдөртөө нийт нутгаар бага зэрэг дулаарч, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 12-17 градус, Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, “Монцами” зуслан байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.20-ны өдрийн 08:41 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 10 км замыг туулан 08:54 цагт очиж, иргэн Ж-ын 3х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 23 дугаар гудамжинд гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 11.20-ны өдрийн 16:34 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 7 км замыг туулан 16:43 цагт очиж, иргэн Б-ийн 3х8 метрийн хэмжээтэй гарааш, 5х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг тус тус шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

3.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Баянхонгор аймгийн Баянлиг сумын Баян-Аараг багийн “Хатавчийн-Ам” гэдэг газарт /сумын төвөөс зүүн зүгт 35 км-т, Ө-44°31’12”, У-101°15’36″/ 11.21-ний өдрийн 01:52 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаас тодруулахад сумын төвийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн. 

Баянхонгор аймгийн Баянлиг сумын Баян-Аараг багийн “Хатан суудлын тал” гэдэг газарт /сумын төвөөс зүүн урд зүгт 27 км-т, Ө-44°26’24”, У-101°08’24″/11.21-ний өдрийн 02:58 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаас тодруулахад сумын төвийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн. 

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны 4 дүгээр баг дахь “Сэлэнгэ” амралтын газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 120 км-т, тосгоноос зүүн хойд зүгт 8 км-т/“Сэлэнгэ” амралтын газар барилгын засварын ажил гүйцэтгэж байсан Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн М /44 настай, эрэгтэй/, М /43 настай, эрэгтэй/ нар 11.10-ны өдрийн 15:00 цагийн орчим тухайн амралтын газраас Улаанбаатар хот руу “Приус-20” загварын суудлын автомашинтай яваад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах тухай хүсэлтийг 11.20-ны өдрийн 11:30 цагт Цагдаагийн байгууллагаас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, орон нутгийн иргэд 11.20-ны өдрийн 11:40 цагаас “Сэлэнгэ” амралт гэдэг газраас “Буурлын-Ар” гэдэг газар хүртэл 10 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 17:00 цагт түр зогсоосон.

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 1 дүгээр багийн “Цагаан чулуут” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 140 км-т, сумын төвөөс баруун зүгт 30 км-т/Дэлгэрэх сумаас Улаанбаатар хотын чиглэлд “Маяти” загварын ачааны автомашинаар мах тээвэрлэж явсан тус сумын харьяат малчин Б /54 настай, эрэгтэй/ 11.20-ны өдрийн 23:30 цагийн орчим автомашин нь цасанд сууж, эвдэрсэн гэж ар гэрийнхэнтэйгээ холбоо бариад сураггүй болсон тухай дуудлагыг 11.21-ний өдрийн 01:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Дэлгэрэх сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 03:12 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад тухайн иргэн 06:05 цагт малчин Б-д явганаар эсэн мэнд ирсэн тухай ар гэрийнхэн нь аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн “Наран шарлага” гэдэг газар “Ховд” голын усанд хүн унасан тухай дуудлагыг 11.20-ны өдрийн 15:22 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 15:26 цагт очиход тус сумын харьяат А /17 настай, эмэгтэй/ “Ховд” голын усанд унасан /амиа хорлож болзошгүй/-ыг тухайн газарт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан тус ангийн Гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Е.Серикжан аварч, эсэн мэнд гаргасан байсныг тус аймгийн Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top