“Бид гүйцэтгэе гэж ёслосон л бол шантрах эрхгүй”

-ОБ-н-сургуулийн-сонсогч-1-of-4-810x500-1.jpg

Э.Бурам

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Цагдаа, Дотоодын цэрэг, Дотоод хэргийн их сургуулийн сонсогч нийлсэн 6000 орчим алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа билээ. Энэ удаа  Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн  631 дүгээр дамжааны сонсогч Э.Анужинтай ярилцлаа. Тэрбээр Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо буюу хэлмэгдэгсдийн  хөшөө орчимд  явган эргүүлээр ажиллаж буй. 


Хөл хориотой өдрүүдэд хотын төвөөр явган хүнээсээ илүү авто машины хөдөлгөөн их байх шигээ?

-Тийм ээ. Чингэлтэй дүүрэгт Онцгой байдлын сургуулийн 290 гаруй сонсогч үүрэг гүйцэтгэж байна. Миний хариуцаж авсан энэ газарт  оффис, ресторан, кафе буюу үйлчилгээний газар ихтэй. Тиймээс эдгээр байгууллагууд ажиллахгүй байгаа учраас хүний хөдөлгөөн бага. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ цаг үед бид  явган зорчигч болон хувийн машинуудын хөдөлгөөнийг хязгаарлан хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхыг  хичээж байна. Гэхдээ хүмүүс ихэвчлэн  хүнсээ цуглуулахаар хотын төв рүү орж ирлээ, гэрийн ойролцоох дэлгүүрт сонголт алга гэх тайлбарыг  хэлдэг. Зарим нь хүндэтгэх шалтгаангүйгээр хөдөлгөөнд оролцож байна. Алба хаагчид шаардлага тавихаар  уурлаж, янз бүрээр хэлдэг хүмүүс байхад,  шаардлагыг эелдгээр хүлээн  авах ч хүмүүс бий.

Ер нь явган хүн болон автомашины  хөдөлгөөн багасахаар иргэд маань гэртээ байгаа юм байна, ашгүй дээ гэж бодогддог.

-Өдөрт хэдэн цаг үүрэг гүйцэтгэж байна вэ?

-Эмэгтэй сонсогчид өглөө 07.30-16.00 цаг,  эрэгтэй сонсогчид 16.00-00.00 цаг хүртэл үүрэг гүйцэтгэдэг.

Эмэгтэй хүн 10 цаг гадаа зогсоно гэхээр бас л чанга сонсогдож байна шүү. Нуулгүй хэлэхэд шантрах үе гарч байна уу?

Мэдээж хөл, гар даарна. Чих даараад байхаар өнөөдрөөс ноосон малгай өмссөн. Цагдаа, онцгой байдал олон нийтийн амгалан тайван байдлын төлөө цаг наргүй ажиллах ёстой. Бид зэрэгц командаар бэлэн жагсч, гүйцэтгэе гэж гар өргөн ёслосон л бол цас, бороо, цагийн хүнд хэцүүгийн алинд ч хэзээд гараад л гүйх учиртай. Тиймээс шантрах эрх байхгүй. Бид хийх ёстой ажлаа л хийж байна. Заримдаа  “Миний охиноос ялгаа юу байх вэ” гээд хөгшин настай хүмүүс халуун цай, унд бариад ирдэг. Тэдэнтэйгээ 1.5-2 метрийн зайнаас л харилцана шүү дээ. /инээв/

Онцгой байдлын алба бол ард түмнийгээ авран хамгаалж, туслахын төлөө зориулагдсан хүндтэй хэрнээ хүндхэн ажил. Яагаад энэ мэргэжлийг сонгох болсон юм бэ?

-Онцгой байдлын албанд орж ажиллахыг багаасаа л мөрөөддөг байсан.  Хөвсгөл аймагт ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд 2018 онд  Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуульд элсэн орсон. Их сургуулиа төгсөөд гал унтраах салааны захирагчаар ажлын гараагаа эхэлнэ дээ. Монгол Улсынхаа байгалийн баялаг, эрдэнэт хүний амь нас, эд хөрөнгийг галын аюулаас авран хамгаалж байдгаараа маш том хариуцлагатай алба. Ийм том хариуцлага үүрнэ гэдгээ ухамсарлаж, ойлгож суралцаж байна.

Онцгой байдлын Ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр  “Бурхан хүн төрөлхтөнд ямар нэг байдлаар гараа сунгасан бол тэр нь онцгой байдлын байгууллагаар дамждаг” гэж нэг ярилцлагадаа дурдсан байсан. Би ч гэсэн түүний хэлсэнтэй санал нийлдэг.

Охиноо Онцгой байдлын албаны ажилтан болохоор мэргэжлээ сонгох үед аав ээж чинь хориглоогүй юу?

-Хүн амьдралаа өөрөө сонгодог шүү дээ. Аав, ээж маань надад үлгэр дуурайллыг маш сайнаар үзүүлж, аливаа зүйлд сэтгэл зүрхээ зориулж чадвал амжилт өөрөө ирдгийг үргэлж хэлж захидаг. Онцгой байдлын албанд эмэгтэй хүн бүр ажиллаад байдаггүй. Бас хүссэн бүхэн ажилладаггүй. Тиймээс мэргэжлийг нь эзэмшиж, бие бялдар, сэтгэл зүйн хувьд төлөвшлийг олж чадсан хүн энэ албанд орж ажилладаг гэж боддог. Тэр ч үүднээс би энэхүү мэргэжлийг эзэмшихийн төлөө хичээн суралцаж байгаа.

Хөл хорионд байгаа иргэддээ хандаж юу гэж хэлэх вэ?

Миний аюулгүй байдал бусдын аюулгүй байдалтай хамааралтай гэдгийг ухамсарлаасай л гэж хүсч байна даа. Хайртай бүхнээ хамгаалж, гэртээ байцгаая. 

Эх сурвалж:news.mn

scroll to top