Нийт нутгийн 50 гаруй хувьд цасан бүрхүүл тогтжээ

unnamed-3.jpg

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зудтай холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг гаргадаг. Эдгээрийг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зурган мэдээг  гаргаад байна.

 11 дүгээр сарын 20-ны байдлаар нутгийн 50 гаруй хувьд цасан бүрхүүл тогтжээ.

Үүнээс Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг уулс, Хархираа Түргэний уулс, Хан Хөхий нуруугаар 20 см-ээс их, Завханы Нөмрөг, Цагаанчулуут, Баянхонгорын Галуут, Архангайн Түвшрүүлэх, Сүхбаатарын Эрдэнэцагаанд 10.1-20.0 см, Увсын Баруунтуруун, Завханы Отгон, Шилүүстэй, Яруу, Түдэвтэй, Сонгино, Цэцэн-Уул, Говь-Алтайн Цогт, Эрдэнэ, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Баянхонгорын Жаргалант, Баянбулаг, Баянхонгор, Гурванбулаг, Заг, Эрдэнэцогт, Хүрээмарал, Бөмбөгөр, Бууцагаан, Архангайн Эрдэнэбулган, Батцэнгэл, Булган, Чулуут, Өвөрхангайн Хайрхандулаан, Есөнзүйл, Булганы Гурванбулаг, Сэлэнгийн Түшиг, Хүдэр, Бугант, Ерөө, Төвийн Зуунмод, Хэнтийн Өлзийт, Баянмөнх, Дархан, Сүхбаатарын Сүхбаатар, Халзан, Баяндэлгэр, Түвшинширээ, Уулбаян, Асгат, Дарьганга, Мөнххаан, Онгон сумдад 5.1-10.0 см, бусад нутагт 5.0 см хүртэл зузаан цастай байна.

Мөн зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 40-өөд хувьд их (нэн их 6.0%, их 30,4%), 30 шахам хувьд нь (28.2%) дунд зэрэг эрсдэлтэй гарчээ.

Үүнээс Баянхонгор аймгийн нутагт зудын эрсдэл нэн их, Говь-Алтайн зүүн, Өвөрхангай, Дундговийн нутаг бүхэлдээ, Өмнөговь, Дорноговь, Төв, Сүхбаатар аймгийн зарим нутгаар эрсдэл их гэсэн зэрэглэлтэй гарлаа. Өөрөөр хэлбэл эдгээр нутгаар өвөлжилт, хаваржилт хүндрэх нөхцөл бүрдээд байна.

Өнгөрсөн зун гантай болон гандуу байсан Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь, Өвөрхангай, Дундговь аймгуудын нутгаар өвс ургамлын ургалт муу, га-ийн ургац бага, бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн, мал тарга хүч дутуу авсан, усан хангамж хүрэлцээгүй, отор нүүдэл хийж туйлдсан, өвс тэжээлийн нөөц хүрэлцээ муу, зах зээлийн үнэ өндөр байгаа нь зудын эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж байгаа юм.

Цаашид цасан бүрхүүлийн зузаан нэмэгдэх, нягтарч хатуурах, хүйтний эрч чангарах зэргээр өвөлжилт, хаваржилт хүндрэх тухай бүрт зудын эрсдэлийн зургийг шинэчлэн боловсруулж, тойм зөвлөмж гаргаж мэдээлнэ.

ЭХ СУРВАЛЖ: УС ЦАГ УУР, ОРЧНЫ СУДАЛГАА МЭДЭЭЛЛИЙН ХҮРЭЭЛЭН

scroll to top