Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Булган, Баянхонгор, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий, аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи ихэнх нутгаар хойноос 5-10 м/с. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 17-22 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус, говийн бүс нутгийн цас багатай газар болон Орхон-Сэлэнгэ, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 4-9 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Цас орно. Салхи зүүн хойноос 5-10 м/с, 8-10 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 26-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас, 27-ны өдөр баруун аймгуудын нутгийн зарим газраар, 28-ны өдөр говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 29-ний өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Салхи их төлөв хойноос 6-11 м/с. Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Халдварт өвчин судлалын үндэсний төв Шинээр баригдаж буй барилга дотроос утаа гарч гэсэн дуудлагыг 11.24-ний өдрийн 10:48 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 10:55 цагт очиж, шинээр баригдаж байгаа 5 давхар барилгын В1 давхарт дулааны шугамын дулаалгын материал шатаж шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан. /Утаажилтын бүсээс 2 ажилтанг гаргасан/

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 79 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.24-ний өдрийн 11:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 11:13 цагт очиж, иргэн Н-ийн 10х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ширхэнцэг багийн Хайлаастад байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.24-ний өдрийн 12:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 12:27 цагт очиж, 12х8 хэмжээтэй байшингийн үүдний амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг 11 минут ажиллан унтраасан.

  ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР                   

scroll to top