Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Төв, Увс, Хөвсгөл аймгуудын нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос 6-11 м/с. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 18-23 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн байна. 

Улаанбаатар хотод:  Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, 9-11 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 27-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас, 28-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр, 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи их төлөв баруун хойноос 6-11 м/с. Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутаг болон Дорнод-Монголын тал нутгийн цас багатай газраар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны “Булаг”-ийн 3 дугаар гудамжинд иргэн П-ийн 7х9 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.25-ны өдрийн 10:32 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 10:39 цагт очиж 8 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Задгай”-д Иргэн А-ийн “Альфард” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.25-ны өдрийн 22:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 22:07 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны “Задгай”-д Иргэн Б-ийн “Марк-Х” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.26-ны өдрийн 00:00 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 9 км зам туулан 00:11 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Булган аймгийн Хангал сумын Хялгант тосгоны 4 дүгээр баг “Сэлэнгэ” амралтын газрын барилгын засварын ажил гүйцэтгэж байсан Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн М /44 настай, эрэгтэй/, М /43 настай, эрэгтэй/ нар 11.10-ны өдрийн 15:00 цагийн орчим тухайн амралтын газраас Улаанбаатар хот руу “Приус-20” загварын суудлын автомашинтай яваад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах тухай хүсэлтийг 11.20-ны өдөр Цагдаагийн байгууллагаас хүлээн авсан бөгөөд тухайн өдөр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул зогсоогоод байсныг 11.25-ны өдөр дахин эхлүүлсэн.Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж Сэлэнгэ голын бетонон гүүр гэдэг газраас (Хялгант тосгоны төвөөс зүүн зүгт 2 км-т)  Сэлэнгэ голын усанд автомашинтайгаа живж нас барсан байсныг 17:40 цагт олж  цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. 11.26-ны өдөр автомашиныг уснаас татан гаргах ажиллагааг зохион байгуулна. 

  ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР    

scroll to top