Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Ховд аймагт бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг болон говийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр голын хөндийгөөр 19-24 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар 4-9 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 14-16 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 29-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12 дугаар сарын 01-нд нутгийн зарим газраар, 02-нд нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 21-26 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 16 дугаар сургуулийн гал тогооны өрөөнд гал гарч байна гэсэн дуудлагыг 11.27-ны өдрийн 06:16 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 06:22 цагт очиж тус сургуулийн хоол бэлтгэлийн өрөөнд эд зүйлс шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын (Тавантолгой) Сийрст багийн “Гүн гашуун” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 113 км, сумын төвөөс баруун урд зүгт 13 км/ “Гашуун сухайт” хилийн боомтоос “Таван толгой” ХХК-ийн нүүрсний уурхайн чиглэлд зорчиж явсан “Адали-Инк” ХХК-ийн “Норд бенз” загварын ачааны автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 11.27-ны өдрийн 21:04 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид 21:05 цагт гарч, 21:07 цагт иргэд унтраасан гэсэн мэдээллийн дагуу буцсан. Тус гал түймэрт иргэн Н /37 настай, эрэгтэй/, Б/33 настай, эрэгтэй/ нарын нүүр, гарын хэсэг түлэгдсэнийг Цогтцэций сумын эмнэлэгт хүргэсэн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 25 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.27-ны өдрийн 12:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 12:12 цагт очиж иргэн Б-ын 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 6 дугаар гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.27-ны өдрийн 16:34 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 16:40 цагт очиж иргэн Ж-ийн “Дэйвүү Тоска” загварын суудлын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн “Далан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 410 км, сумын төвөөс урд зүгт 23 км/-т Иргэн Б-ийн өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 11.27-ны өдрийн 22:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид 23 км замыг туулан 01:40 цагт очиж иргэн Б-ийн 2х3 метрийн хэмжээтэй малын хашаа, саравч шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Домбуу хавчуу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 50 км, сумын төвөөс баруун зүгт 24 км/-т Иргэн Л-ийн “Бонго Жи-3” загварын ачааны автомашин голын мөсөнд цөмөрч орсон тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 11.27-ны өдрийн 12:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан иргэд тус сумын “Дэлгэрмөрөн” голын усанд эргээс 20 метр зайд 3 метрийн гүнээс тус автомашиныг 1:19 цаг ажиллаж татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top