“ӨНӨӨДӨР” СОНИН
Сэтгүүлч: Ч.Болортуяа
“…Энд гал гарч байна, хурдлаарай…”
-Байна уу. Байршлаа хэлээрэй. Дийн, дийн…. утас тасарлаа.
101, 105 дугаарын утсанд иймэрхүү дуудлага ирэх нь цөөнгүй. Айж, сандарсан хүмүүс хаягаа хэлэлгүй утсаа тасалж орхидог гэнэ. Эргээд залгахаар утсаа авахгүй эсвэл тасралтгүй яриад байдаг тухай дуудлага хүлээн авагч учирласныг саналаа. Дуудлага бүрийн цаана эрдэнэт хүний амьтай холбоотой асуудал хөндөгддөг учраас онцгой байдлын аврагчид цаг алдалгүй, шуурхай ажиллах үүрэгтэй. Гэвч объектийн гал түймэр, тэр тусмаа монгол гэрт гал гарсан тохиолдолд аврагчид ихэвчлэн үнс болсон хойно очдог нь хатуу боловч үнэн. Үүнийгээ ч тэд хүлээн зөвшөөрдөг. Хаяг, байршил нь тодорхойгүй гудамж, гуу жалга, уулын оройд буусан айлд замын түгжрэлээс мултарч түргэн шуурхай очно гэдэг амаргүйг хэлэхэд илүүц биз.
Галын дуудлага ирсэн даруйд аврагчид зуны хувцсыг 14, өвлийнхийг 18 секундэд өмсөх ёстой. Түүнээс дуудлага өгсөн газар төдөн минутад ирэх ёстой гэсэн стандарт байхгүй. Хамгийн шуурхай, богино хугацаанд л очих үүрэг хүлээсэн байдаг. Гэвч замын хөдөлгөөн, замбараагүй барилга байгууламж, төлөвлөгөөгүй гэр хороолол дундуур “хэрэн хэссээр” байтал аврагчдыг хүлээж амжилгүй хэдэн ч хүн нүд аньж буй хэлэх боломжгүй. Амь дүйсэн долоон минутад амжиж очиход гал унтраах автомашины явах замыг саадгүй болгохоос эхлээд гэр хорооллын айлуудыг тодорхой хаягтай болгох нь чухал байна.
Одоогоос таван жилийн өмнө манай улсын хэмжээнд 3063 удаа гал түймэр гарч байсан бол энэ онд 4561 болж өсчээ. Эдгээр галаас аврагчид 453 хүнийг аварч, 11.5 тэрбум төгрөгтэй тэнцэхэд хөрөнгө хамгаалсан байна. Гэвч энэ онд л гэхэд гал түймрийн улмаас 58 хүн амиа алдсаны 12 нь хүүхэд. Тодруулбал, өнгөрсөн лхагва гаригт нийслэлийн Хан-Уул дүүрэгт таван ханатай гэр шатаж, 12 настай хүүхэд амиа алдсан. Энэ сарын 18-нд буюу ганцхан хоногийн дотор гэхэд гурван айлын гэр шатаж, 31 настай, эрэгтэй нүүр, баруун гар, ой гурван сартай хүү нуруу, дөрвөн настай охин гараа түлж, нэг хүн нас барлаа. Мөн энэ сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн VII хороонд иргэн Х-н таван ханатай гэр шатаж, 2-16 насны гурван хүүхэд амиа алдсан. Энэ мэт жишээ дурдаад байвал монгол гэрт амьдрах “аюултай” болсон мэт санагдана. Гэвч орон сууцанд амьдрах боломжгүй, тэр ч байтугай тагтай сав худалдан авч, үнс нурмаа хийчих бололцоогүй хүмүүс олон буй. “Ядуу амьдарч байгаа нь хохь чинь” гээд анхаарахгүй өнгөрч болохгүй. Ядаж л гал гарахад утаа мэдэрдэг дохиолол гэр хорооллын айлуудад байрлуулах нь зөв санагдана. Ийм дохиололтой болчихвол унтаж байгаад нөгөө ертөнцөд олуулаа очихгүй байлтай.
Объектийн гал түймрийн ихэнхэд орон сууц, гэр өртдөг. Монгол гэр 5-7 минутын дотор бүрэн шатдаг гэдгийг өдгөө хүн бүр мэддэг болсон. Таван ханатай, давхар дулаалгатай гэр л гэхэд найман хормын дотор үнс болдог тухай мэргэжилтнүүд хэлсэн. Гэрт нь цоожилж үлдээснээс хүүхдүүд гал түймэрт өртсөн харамсалтай явдал гарсаар л байна. Тиймээс хүн бүр гал түймрээс сэргийлэх мэдлэгтэй, амьдарч буй газрынхаа аюулгүй байдалд анхаарах цаг иржээ. Гай гамшиг хэдий хэлж ирдэггүй ч объектийн гал түймрээс сэргийлэх боломж бидний гарт буй нь сайшаалтай. Гал түймрийн 90 хувь нь хүний буруутай үйл ажиллагаа, хариуцлагагүй байдлаас болдог. Тухайлбал, үнс нурмаа ил задгай хаях, цахилгааны утсаа буруу холбох, асаасан галаа унтраалгүй орхих зэргээс үүддэг тухай онцгойгийнхон хэлж байна. Энэ байдал хөдөө орон нутагт мөн л их байдаг. Ихэнх суманд аврах, гал унтраах анги байхгүй. Гэрт нь шингэрүүлсэн хий дэлбэрч аюул болсон ч улаан галаас өөрийгөө болон дүүгээ аварсан Г.Цэрэнтогтох хүүгийнх шиг аз хүн бүрт тохиохгүй. Гэхдээ аз сорихоос илүү аюулгүй байдалдаа анхаарч чадвал ахуйн гал түймрийн гамшиг хол байна шүү дээ.
Үргэлжлэл:http://mongolnews.mn/1rjh