1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгороор цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи их төлөв баруун хойноос 5-10 м/с, говь талын нутгаар 9-14 м/с хүрч ширүүснэ. Завхан голын эх, Идэр голын хөндий, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор 27-32 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газар болон Онон, Улз, Халх голын сав газраар 6-11 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Цас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с,16-18 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 8-ны өдөр Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас, 9-ний өдөр баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 10-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 9, 10, 11-ний өдөр зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларч Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндий, Дархадын хотгороор шөнөдөө 37-42 градус, өдөртөө 25-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газар болон Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.
2. Гал түймэр:
Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг Сэргэлэнгийн 1 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 12.06-ны өдрийн 22:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 22:23 цагт очиж, иргэн А-ын 4х3 хэмжээтэй амбаар, 7 метрийн урттай хашаа шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.
Булган аймгийн Сайхан сумын Ундрах багийн “Гэзэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 78 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 22 км-т/ Малчин Т-ийн 4х6 метрийн хэмжээтэй амбаар шатсан тухай мэдээллийг 12.06-ны өдрийн 17:38 цагт хүлээн авсан.Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилчид 17:10 цагт очиж, 1 цаг 28 минут ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын “Шуурхай штаб”-ын жижүүр аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР