Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр:   Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-АлтайХангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас 6-11 м/с, зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 23-28 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газар болон Онон, Улз, Халх голын сав газраар 5-10 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с. Өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 10-нд Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 13-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10, 12-нд зарим газраар, 11-нд нутгийн өмнөд хэсгээр, 13-нд нутгийн зүүн хэсгээр 14-16 м/с хүрч ширүүснэ. 11-ээс хүйтний эрч чангарч Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор шөнөдөө 42-47 градус, өдөртөө 30-35 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газар болон Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан:Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Натур” худалдааны төвд гал гарч байна гэсэн дуудлагыг 12.08-ны өдрийн 08:31 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 08:36 цагт очиж, тус худалдааны төвийн зоорийн давхар дахь “Хүнсний зах”-ын хүнсний бараа шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Хилчины 56 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.08-ны өдрийн 10:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 7.5 км замыг туулан 11:09 цагт очиж, иргэн Т-ийн 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүнбаянцагааны 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.08-ны өдрийн 21:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 21:46 цагт очиж, иргэн Х-ийн 8х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Суварга багийн 14 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 12.09-ний өдрийн 01:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 24 км замыг туулан 02:07 цагт очиж, иргэн Т-ийн 9х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 53 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top