Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Завхан, Увс аймагт бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 23-28 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газар болон Онон, Улз голын сав газраар 4-9 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр,13-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 11, 12-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр, 13-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор шөнөдөө 42-47 градус, өдөртөө 30-35 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газар болон Онон, Улз голын сав газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгино 6 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.09-ний өдрийн 07:44 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 07:57 цагт очиж иргэн Б-ын 6х10 метрийн хэмжээтэй байшингийн үүдний амбаарын дээвэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.09-ний өдрийн 10:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 10:15 цагт очиж иргэн Б-ын 6х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн15 дугаар хороо, Жаргалантын 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.09-ний өдрийн 22:43 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 7 км замыг туулан 22:53 цагт очиж иргэн Т-ын 7х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 55 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Т /41 настай, эрэгтэй/ угаартсаныг эмнэлгийн анхны тусламж үзүүлэн НЯТТТ-ийн эмчид хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.09-ний өдрийн 23:07 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 57.5 км замыг туулан 00:11 цагт очиж иргэн Т-ийн 8х14 метрийн хэмжээтэй 1 давхар мансардтай байшин шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top