Эргүүлийн сонсогчид буюу туршлага өвөртөлсөн шилдэг офицерууд

12-14-4.jpg

С.УЯНГА

Эх орон дуудсан цагт хэзээд бэлэн жагсах тангарагтай цэргийн сургуулийн сонсогчдыг  “Монгол Улсын төлөө” буландаа онцолж байна. Хүн төрөлхтнөөрөө аюулт цар тахалтай тэмцэж буй хүндхэн цаг үед Дотоод хэргийн их сургуулийн сонсогчид ч нийтийн эрүүл мэндийн манаанд мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж буй юм. 30 хэмийн хүйтэнд өдрийн найман цаг эргүүлд зогсч буй тэднийг олон нийт өрөвдсөн нүдээр харах нь элбэг. Гэтэл яг зориод очиход даарах нь битгий хэл туршлага өвөртөлж, эх орондоо зүрхэндээ илүү бат мэдэрсэн ирээдүйн шилдэг офицеруудын төрх угтсаныг онцлох хэрэгтэй.

СОНСОГЧДОД ОНОЛЫН МЭДЛЭГЭЭ ПРАКТИКТ ХЭРЭГЖҮҮЛЭХ МАШ ТОМ  КЕЙС БОЛЛОО

Улс даяар хөл хорио тогтоосноос хойш сар гаруйн хугацаанд ДХИС-ийн 2100 сонсогч нийлэлийн зургаан дүүрэгт хуваагдан эргүүлд гарч цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлж байна. Биднийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн байранд очвол ДХИС-ийн 11 салбар сургуулийн нэг Онцгой байдлын сургуулийн захирал, хурандаа Х.Сүхбаатар “Өглөөний ээлжинд сонсогчдоо хариуцаж байна” гэсээр угтлаа.

Тэрээр Чингэлтэйн нутаг дэвсгэрт эргүүлд гарч буй 270 сонсогчоо  өглөө 08:00 цагаас үдээс хойш 15:00 цагт дараагийн ээлж солигдтол санаа тавих үүрэгтэй.

Сонсогчид хэрхэн үүрэг гүйцэтгэж байгаа талаар хурандаатай яриа дэлгэхэд  “Сонсогчид цагдаагийн байгууллагын алба хаагчдад дэмжлэг үзүүлж эргүүл хамгаалалтын үүрэг гүйцэтгэж, иргэдэд халдвар хамгааллын дэглэм сахих талаар шаардлага тавьж  байна. Үндсэн үүрэг нь эргүүл хамгаалалтын ажлыг зохион байгуулж, дэг журам сахиулах юм. Хөл хорио сонсогчдод онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлэх маш том  кейс боллоо. Төгсөөд томилогдсон газраа ямар нэг гамшиг ослын үед хэв журам сахиулах,  халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, бусад төрийн байгууллагатай уялдаа холбоотой хамтран ажиллах төлөвлөгөөг боловсруулах зэргээр бүх дадлагыг олж авч байна. Хил, цагдаа, шүүхийн шийдвэр, онцгой байдал, шүүхийн шинжилгээний институт, ахлагчийн сургуулийнхан буюу төрөл мэргэжлийнхэн оролцож байна гэсэн үг. Энэ салбаруудын хамтран ажиллах дадлага сургуулилт ч болж байна. Ирээдүйд тохиолдож болох гамшиг ослыг хохирол багатай даван туулахад эдгээр сонсогчид шуурхай зөв зохион байгуулалтаар манлайлж ажиллах бэлтгэл суурь тавигдлаа гэж ойлгож болно” гэсэн юм. 

Сонсогчдод гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэж байгаа гэдэг утгаараа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 420 мянган төгрөгийн урамшуулал олгожээ. Нэг үе сонсогчдыг эргүүлээс буухад нь унаа зогссон учраас алхуулсан гэх шүүмжлэл гарсан. Ер нь шантрах тохиолдол гарсан уу. Удирдаж байгаа хүний хувьд юу мэдэрч байна вэ гэхэд Х.Сүхбаатар хурандаа “Сонсогч, суралцагчид шантрах тохиолдол гараагүй. Харин ч идэвхитэй сайн ажиллаж байгааг хараад бахархал төрсөн. Эмэгтэй сонсогчид ч мөн адил хуваарийн дагуу үүрэг гүйцэтгээд гадаа зогсч байна. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг байнга сахиулж сургуулиас дулаан хувцас, витаминжуулалт, халуун хоол хүнс зэргээр бүх төрлийн хангалтыг өгч байна. Гуталны хувьд нэхий дотортой хагас түрийт тавьж өгсөн.  Хүйтэнд хөдөлгөөнгүй зогсоход даарна. Гэхдээ сонсогчид маань хариуцсан чиглэлдээ байнга хөдөлж алхаж байгаа учраас харьцангуй гайгүй. Иргэд сонсогчдын тавьсан шаардлагыг хүлээж авахгүй байх зэргээр хүндрэл гарах үе байна. Гэхдээ ямар ч байсан үүргээ амжилттай гүйцэтгэж байна. Сонсогчдыг нэгдсэн журмаар авто баазуудаас автобус ирж авдаг. Зарим нь өөрсдөө машинтай. Мөн албаны машин болон хамт эргүүлд гарч байгаа цагдаагийн алба хаагчид хүргэж өгөх зэргээр зохицуулдаг. Сонсогчид явган алхах, хонох асуудал гараагүй” гэлээ. Ийнхүү ярилцах зуураа өглөөний ээлжинд эргүүл хийж буй сонсогчтой уулзах зөвшөөрөл хүссэнээр бусдыгаа хариуцан зохион байгуулж буй төгсөх дамжааний оюутан А.Нямбаярыг томилов. Тэрээр Улсын их дэлгүүрийн өмнөх талбайд эргүүлд гарч байлаа.

АВРАГЧ БОЛОХООР ТЭСГЭЛ АЛДАЖ БУЙ ШИНЭХЭН ОФИЦЕР

-Сонсогчид баяр ёслол, томоохон арга хэмжээ болон дадлагынхаа үеэр эргүүл хамгаалалтад гардаг ч одоогийнх шиг урт хугацаанд ажилласан удаагүй. Харин цар тахлын онцгой нөхцлийн улмаас нэгдүгээр дамжааны шинэхэн сонсогчоос эхлээд төгсөх дамжааныхан ялгалгүй 30 хоног ажлын туршлага өвөртөлж, амьдралын “хичээл” заалгаж байна. Манай зочин ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн жагсаалын дарга, ахлах түрүүч А.Нямбаяр Завхан аймгийн Тосонцэнгэл сумынх. Энэ хавар сургуулиа төгсөөд аврагч болохоор тэсгэл алдаж буй шинэхэн офицер. Түүний бага нас аавыгаа дагаж баруун таван аймагтаа хамгийн анхны гал түймэр унтраах ангид өнгөрсөн болохоор авран хамгаалах албатай зүүдэндээ учирч, зорилго болгон тээсээр мөрөөдлийнхөө захаас атгаад буй нь энэ юм.

А.Нямбаярын аав ахлах ахлагч Ц.Амарбаяр гал түймэр унтраах ангид 25 жил жолооч хийжээ. Тэрээр “Ээж ажилдаа, ах хичээлдээ явсан хойгуур аавынхаа ажил дээр өнжихдөө өрөө болгоноор хэснэ. Заримдаа хононо. Галын машин, аврагчдын жагсаалаас эхлээд бүх зүйл нь танил дотно харагддаг байсан болохоор эргэлт буцалтгүй энэ мэргэжлийг сонгосон” гэж байна. Харин хөл хорионы үед үүрэг гүйцэтгэх болсон тухайгаа “Бэлэн байдал тогтоосон арваннэгдүгээг сарын 11-ний шөнө сургууль дээр түргэн авсан. Зөвхөн онцгой байдлын сургууль юм болов уу гэтэл бүрэлдэхүүнээрээ цуглаж хуваариа аваад эргүүлд гарснаас хойш өнөөг хүртэл үүрэг гүйцэтгэж байна.

Манай нутаг Монголын хамгийн хүйтэн цэг болохоор ч тэр үү эргүүл хийхэд даарч шантрах зүйл байгаагүй. Харин ч эх орон, ард иргэдийнхээ төлөө үүрэг гүйцэтгэж байгаа гэж бодохоор бахархах үе олон. Миний хувьд жагсаалын дарга учраас онцгой байдлын сургуулийнхаа сонсогчдыг хариуцаж захирал, багш нартайгаа харилцаа холбоотой байж нөхцөл байдлыг илтгэх үүрэгтэй. Уулзвараас уулзварын хооронд сонсогчид дээр очиж эргэж тойрч, зааварчилгаа өгнө. Ялангуяа, өглөөний ээлжинд эмэгтэй сонсогчид гардаг учраас даарч байгаа эсэхийг нь анзаарахгүй бол болохгүй. Цагдаа нараас эмэгтэй сонсогчдыг дулаан газар оруулж байгаарай гээд гуйна. Адилхан цэргийн сургуулийнх ч гэсэн эмэгтэй  хүүхэд даарчихсан нь андашгүй шүү дээ. Хөвгүүд бол хэцүү байсан ч тэвчээд л инээгээд зогсч байдаг” гэлээ. 

Ахлах түрүүч А.Нямбаяр жагсаал даргалж цол зүүгээд жил гаруй болж байна. Тэр ч утгаараа үүрэг хариуцлага өндөр. Тиймээс зөвхөн Чингэлтэй гэлтгүй энд тэнд очиж сонсогдодоо санаа тавина. Доод дамжааныханд иргэдтэй харилцах талаар сурсан мэдсэнээ хэлж өгөхийг хичээнэ. Өөрөөр ч багагүй туршлага хуримтлуулж байгаа талаараа “Анх бэлэн байдал зарласны дараа хүмүүс ямар ч мэдээлэлгүй. Ажил, хичээлдээ явж байна гэдэг. Тэр болгонд тайлбарлана. Мөн тэг зогсолт хийчихээд байхад гадуур явж байгаа хүмүүст шаардлага тавихаар зарим нь ойлгохгүй бухимдана. Хүмүүстэй харилцах, онцгой нөхцөлд хэрхэн шуурхай ажиллах зэргээр мэдэж сурсан зүйл олон байлаа. Бас нэг сайхан санагдсан нь сонсогчийн хувцас биш цагдаагийн хантааз өмсөөд зогсохоор хүмүүсийн хандлага, харилцаа өөр болдог юм билээ. Тамхи татаад зогсч байгаа хүн цагдаа  гэж хараад тамхиа больж, маскаа зүүх жишээтэй. Цагдаа нарын хажуугаас ажиглахад үнэхээр хөл хорьчихоод байхад юу ч хэлээд зарим хүн ойлгохгүй маргана. Эсвэл илт худал хэлэх зэргээр шаардлага тавихад үл ойлголцол үүсгэх зүйлс их гарсан. Чин сэтгэлээсээ гуйж байгаа хүмүүс ч байдаг. Цагдаагийн алба сайхан ч хэцүү үе олон байсан” гэлээ. Түүнээс төгсөөд хаачих вэ гэхэд “Сургуулиас хуваарилна. Үнэнийг хэлэхэд сум руугаа явья гэж бодохгүй байгаа.Суманд дуудлага харьцангуй бага учраас ажил ихтэй газарт очих хүсэлтэй байгаа. Гэхдээ шинэ төгсөгчдийг нийслэлд үлдээхгүй” гэсээр бидний яриа өндөрлөв.Ийнхүү хууль сахиулах салбар маань цар тахлын хүнд хэцүү үеийн ачааллыг нуруун дээрээ үүрэлцэж, ард иргэдийн энхийн манаанд зогсч буй туршлага өвөртөлсөн 2100 сонсогчоор хүч сэлбэлээ. Жаргал, зовлон, дадлага туршлагатай 30 хоногийн алба хаасан тэд эх орноо зүрхэндээ улам бат мэдэрсэн ирээдүйд шилдэг офицерууд байх нь лавтай. Тиймээс хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэж яваа сонсогчид таарч эелдэгээр шаардлага тавибал хүндэтгэлтэй хандаж, өөрсдийнхөө төлөө хариуцлагатай байгаарай гэж хүсч байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.12.14 ДАВАА № 238 (6463)

scroll to top