Эрүүл мэндийн яамны сайдын 2002 оны 176-р тушаалаар Эрүүл мэндийг дэмжигч байгууллага шалгаруулах болзол, журмыг батлан, жил бүрийн 12 дугаар сард тухайн жилд эрүүл мэндийг дэмжсэн үйл ажиллагааг өргөнөөр зохион байгуулсан шилдэг байгууллагыг шагнадаг.
Энэхүү уламжлалын хүрээнд өнөөдөр Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-аар шалгарсан байгууллагуудад НЭМХ-ийн захирал Б.Цогтбаатар, ЭМДССАЗТ-ийн дарга Ж.Энхзул нар шагналыг гардуулсан. Нийслэлийн онцгой байдлын газрын гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа Б.Эрдэнэбаатар шагналыг гардаж авсан юм. Энэ жилийн хувьд эрүүл мэндийг дэмжигч байгууллагаар шалгаруулахаар төр, хувийн хэвшлийн 20 гаруй байгууллага нэр дэвшиж олон нийтийн эрүүл, аюулгүй байдлын төлөө хэрэгжүүлсэн үйл ажиллагааны цар хүрээ, үр дүнгээр дээрх байгууллагууд шалгарчээ. Энэхүү шагналыг Нийслэлийн онцгой байдлын газар нь байгалийн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос 2015 онд нийт 685 хүний амь насыг аварч, үнэлж баршгүй гавьяаг байгуулсан тул олгож байгаа гэдгийг онцолсон юм.