Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Бүх нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас 5-10 м/с. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 27-32 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар 6-11 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас 4-9 м/с, 18-20 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 16-ны өдөр Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар, 17-ны өдөр нутгийн хойд хэсгээр, 18, 19-ний өдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Салхи 16,17-ны өдөр нутгийн зүүн хэсгээр 13-15 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 39-44 градус, өдөртөө 26-31 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багийн 23 дугаар гудамжинд иргэн Г-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.14-ний өдрийн 09:22 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 09:25 цагт очиж, 8х16 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 13 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 9 дүгээр гудамжинд иргэн Б-ын амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 12.14-ний өдрийн 09:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 09:27 цагт очиж, 4х5 метрийн хэмжээтэй түлээний амбаар шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Дэлгэрэх багийн 31 дүгээр гудамжинд иргэн С-ийн амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 12.14-ний өдрийн 16:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 16:47 цагт очиж, 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 44 дүгээр байрны 1 дүгээр орцонд айл шатаж байна гэсэн дуудлагыг 12.14-ний өдрийн 10:55 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 10:59 цагт очиж, иргэн Н-ийн 3х4 метрийн хэмжээтэй өрөөнд эд, хогшил шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт Ц/7 настай, эрэгтэй/, Д /3 настай, эрэгтэй/ нар угаартсан байсныг эсэн мэнд гаргаж нийслэлийн ЯТТТ-д хүлээлгэн өгсөн. /Д3 настай, эрэгтэй) эмнэлэгт очих замдаа нас барсан тухай мэдээллийг эмнэлгийн байгууллагаас мэдэгдсэн/

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 21 дүгээр гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.14-ний өдрийн 12:55 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 12:59 цагт очиж, иргэн Н-ийн “Тида” загварын суудлын автомашин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Сувдан сондор” хотхоны автобусны буудал түргэн үйлчилгээний цэг шатаж байна гэсэн дуудлагыг 12.15-ны өдрийн 05:29 цагт хүлээн авсан.Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 05:43 цагт очиж, иргэн Н-ийн 3х3 метрийн хэмжээтэй түргэн үйлчилгээний цэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

3.Мэдээлэл:

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Уранхайрхан багийн “Харуулын өтөг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 200 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 60 км-т/ Тус сумын харьяат малчин У-ийн 6 ханатай гэр, эд хогшлийн хамт 12.13-ны өдрийн 19:30 цагт шатсан тухай мэдээллийг 12.14-ний өдрийн 12:15 цагт хүлээн авсан. Мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг орлон гүйцэтгэгч аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Хэлмэн” нуурын орчим хүн төөрсөн тухай дуудлагыг 12.15-ны өдрийн 00:55 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 40 км замыг туулан 01:40 цагт очиж, “Хэлмэн” нуураас баруун урд зүгт 5 км-т нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат иргэн Б /37 настай, эрэгтэй/ төөрч, осголтын байдалтай байсныг эсэн мэнд олж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Эгийн голын хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 107 км-т, сумын төвөөс урд зүгт 4 км-т/Тус сумын харьяат иргэн С-ын эзэмшлийн “Королла” загварын суудлын автомашин “Эг”-ийн голын мөсөнд цөмөрсөн, бүхээгний орой хэсэг нь цухуйсан бөгөөд дотор нь хүн осолдсон байж болзошгүй байна гэсэн дуудлагыг 12.14-ний өдрийн 12:28 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид, хүч нэмэгдүүлэн ажиллахаар Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 14:50 цагт тус тус очиж, мөн өдрийн 16:07 цагт автомашиныг татан гаргасан. Машинд байсан тус сумын харьяат иргэн С /30 настай, эрэгтай/, иргэн Э /37 настай, эрэгтэй/ нарын цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top