ОЛОН ӨНГӨ:Бид маскаа зүүж байна, гэхдээ зөв зүүе

.jpg

М.Үүрийнтуяа

Өнөөдрөөс Улаанбаатарчууд бүх нийтийн бэлэн байдлаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, 34 чиглэлийн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа нээгдэж байгаа. Ийм үед халдвар хамгааллын дэглэмээ маш сайн мөрдүүлж, хамгийн энгийнээр маскаа зүүж, бээлий өмсөж, агаар сэлгэлт хийж, хүн хоорондын зайгаа барьж ажиллаж, амьдрах нөхцөл бидний өмнө тулгарлаа. Гэсэн хэдий ч яг журмын дагуу хоёр цаг тутамд нэг удаагийн маск, бээлийг сольж, хоорондоо 1.5-2 метрийн зайтай харьцана гэвэл боломжгүй биш ч өрөөсгөл талдаа. Автобусанд гэхэд маск зүүгээгүй хүн байхгүй боловч нэг удаагийн маскыг нэлээд хэдэн удаа ашиглаж байгаа хүмүүс бага биш харагдана лээ. Нэг ширхэг маск бөөний үнээрээ дунджаар 150-200 төгрөг гэхээр өдөрт баримжаагаар 5-6 ширхэг буюу 1000 гаруй төгрөгийн маскыг та хоёр цаг тутамдаа сольж, ашиглах шаардлагатай болно.

Өөрийнхөө болон ойр дотныхон, гэр бүл, ажлын хамт олныхоо эрүүл мэндийн төлөө гээд бодоод үзэхээр 1000 төгрөг харамлах зүйл биш. Гагцхүү дадал зуршлийг өөртөө бий болгоход учир бий. Маскаа зүүж, сольж, зөв дарааллын дагуу битүүмжлэн хаяж сурах шаардлагатай. Зөвхөн монголчууд ч биш дэлхий нийтээрээ хичээж байгаа цаг гэдгийг мартаж боломгүй. Нэг удаагийн буюу мэс заслын маск нь аливаа бохирдлыг шүүж, ямарваа нэг халдварт өвчинд өртсөн хүний халдварыг гадагш гаргахгүй амны орчинд шүүн барьдаг. Ингэснээрээ мэс засал хийж буй эмчийн амьсгалын бохирдлыг өвчтөний бие рүү оруулахгүй шүүх үүрэгтэй учраас уг маскыг “мэс заслын” хэмээн ерөнхийд нь нэрлэдэг байна. Тиймээс хэрвээ та маскаа зүүсэн, таны харилцаж байгаа хүн ч мөн маскаа зүүсэн бол КОВИД-19 халдвараас хамтдаа сэргийлж чадах юм.

Эх сурвалж: zindaa.mn

scroll to top