Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Бүх нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруунаас 5-10 м/с. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор 25-30 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 15-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, Дорнод-Монголын тал нутаг болон говийн бүс нутгийн цас багатай газраар 4-9 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас 4-9 м/с, 14-16 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 21-ний өдөр баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 22-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-ны өдөр төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21-ний өдөр Алтайн салбар уулсаар, 22, 23-ны өдөр нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 23-28 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 22, 23-ны өдөр ихэнх нутгаар жавартай хүйтэн байна. 

2. Гал түймэр:

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг дахь “Тал булаг” ХХК-ийн нүүрсний уурхай явах замд /аймгийн төвөөс баруун хойд зүгт 16 км-т/Иргэн Г-ын “Хово” загварын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.18-ны өдрийн 11:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 16 км замыг туулан 11:20 цагт очиж, автомашины хойд талын дугуй шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн “Хүннүгийн уулзвар” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 75 км-т/ “Таван толгой” ХХК-иас “Цагаан хад” гэдэг газрын чиглэлд нүүрс тээвэрлэж явсан “Цэгц майнинг” ХХК-ийн эзэмшлийн “Норд бенз” загварын ачааны автомашины бүхээг шатаж байна гэсэн дуудлагыг 12.18-ны өдрийн 17:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид 75 км замыг туулан 19:16 цагт очиж, автомашины бүхээг болон урд талын дугуйны хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн “Дэнж” хорооллын Иргэн Э-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.18-ны өдрийн 18:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 18:13 цагт очиж, 6х12 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 8 дугаар гудамжинд гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 12.18-ны өдрийн 22:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 22:57 цагт очиж, иргэн О-ын 10х12 метрийн хэмжээтэй гараашийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Увс аймгийн Өмнөговь сумын 3 дугаар багийн “Бор хаг” гэдэг газар / аймгийн төвөөс урд зүгт 150 км-т, сумын төвөөс 17 км-т/ Бөхмөрөн сум дахь “Хотгор”-ын уурхайгаас Ховд аймгийн чиглэлд 27тн нүүрс тээвэрлэж явсан “Даевүү” загварын ачааны автомашин 12.18-ны өдрийн 21:00 цагийн орчимд шатсан тухай мэдээллийг 00:10 цагт хүлээн авсан. Мэдээллийг тухайн автомашины жолооч аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, “Миний зах” хүнсний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 12.19-ний өдрийн 04:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 04:07 цагт очиж, иргэн Г-ийн 50х80 метрийн хэмжээтэй хүнсний дэлгүүрийн 4х6 метрийн хэмжээтэй гал тогооны өрөөнд эд зүйлс болон хана, таазны хэсэг шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дулаан багийн 15 дугаар гудамжны Иргэн Х-ын “Арвис” эмийн сан шатаж байна гэсэн дуудлагыг 12.19-ний өдрийн 04:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 04:59 цагт очиж, 7х8 метрийн хэмжээтэй байшингийн гадна талын хананы хэсэг шатаж байсныг 1 цаг 40 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Улаан-Үзүүр багийн “Дэнхэр хуудас” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 270 км, сумын төвөөс баруун зүгт 12 км-т/ Малчин Э/16 настай, эрэгтэй/, 12.17-ны өдрийн 18:00 цагийн орчимд малаа хариулахаар морьтой яваад сураггүй болсон тухай мэдээллийг 12:18-ны өдрийн 05:15 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан орон нутгийн иргэд 12.18-ны өдрийн 04:00 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад мөн өдрийн 09:04 цагт тухайн иргэн гэртээ эсэн мэнд өөрөө ирсэн гэж ар гэрийнхэн нь нь мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top