Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Завхан, Ховд аймагт бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ.  Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Их нуурууд болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 20-25 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 12-17 градус, цас багатай энгэр ээвэр газраар 3-8 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Өдөртөө 11-13 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 23-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24, 25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 36-41 градус, өдөртөө 24-29 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 17-22 градус, цас багатай газраар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр хүйтний эрч чангарна.

2. Гал түймэр:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.21-ний өдрийн 08:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 08:21 цагт очиж иргэн М-ын 4х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хуурай мухарын аманд эзэнгүй айлаас гал гарч байна гэсэн дуудлагыг 12.21-ний өдрийн 16:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 16:23 цагт очиж иргэн Б-ийн 8х9 метрийн хэмжээтэй байшингийн 4х4 метрийн хэмжээтэй үүдний амбаар шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат багийн нутаг Модод 2 дугаар гудамж/аймгийн төвөөс баруун урд зүгт 131 км, сумын төвдөө баруун хойд зүгт 1 км/-т Иргэн Д-ийн 5х8 метрийн хэмжээтэй байшин 12.21-ний өдрийн 20:00 цагт бүрэн шатсан тухай мэдээллийг 22:00 цагт хүлээн авсан. Тус сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр ахлуулсан иргэд ажиллаж 21:55 цагт унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн15 дугаар хороо, Дамбадаржаагийн 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.22-ны өдрийн 02:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 02:18 цагт очиж иргэн Г-ын 12х8 метрийн хэмжээтэй байшингийн үүдний амбаар шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Цэцэн багийн “Баян-Аараг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 200 км, сумын төвөөс урд зүгт 30 км/-т Малчин З /50 настай, эрэгтэй/ 12.21-ний өдрийн 13:00 цагийн үед явганаар малаа хариулахаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 22:30 цагт хүлээн авсан. Тус сумын аймгийн Онцгой байдлын газрын Баянцагаан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын цагдаагийн хэлтэс, орон нутгийн иргэд 12.21-ний өдрийн 22:38 цагаас эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, мөн өдрийн 23:00 цагт гэрээс нь урд зүгт 3 км зайтай иргэн Б-ийнхээс эсэн мэнд олсон.

Мэдээлэл:

Төв аймгийн Эрдэнэ сумын “Естийн халуун рашаан” гэдэг газар 5 хүн угаартаж нас барсан тухай мэдээллийг аймгийн Цагдаагийн байгууллагаас 12.21-ний өдрийн 14:16 цагт хүлээн авсан. Аймгийн Цагдаагийн байгууллагын алба хаагчид, Улаанбаатаар хотоос эмнэлгийн байгууллагын ажилтнууд, ар гэрийнхэн Улаанбаатар хотоос Зэвсэгт хүчний Жанжин штабын МИ171Е загварын нисдэг тэрэгтэй 16:05 цагт Естийн халуун рашаан-ы чиглэлд хөөрч 16:54 цагт буун зорчин явсан 13 хүнийг буулган 17:03 цагт дахин хөөрч Улаанбаатар хотод 17:44 цагт буусан. Цагдаагийн байгууллагаас шалтгаан нөхцлийг тогтоох ажиллагаа явагдаж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top