1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Сүхбаатар аймгийн нутгаар бага зэрэг цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар баруун хойноос 7-12 м/с, зарим газраар түр зуур 15-17 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 21-26 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, Дорнод-Монголын тал нутаг, говийн бүс нутгийн цас багатай газраар 5-10 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 25-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас, 26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд нутгийн зарим газраар 28-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. 27-нд нутгийн хойд хэсгээр, 28-наас ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна.
2. Гал түймэр:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны “Задгай”-д “РС” Молл дэлгүүрийн 2х2 метрийн хэмжээтэй өрөөнд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 12.23-ны өдрийн 18:17 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3.5 км зам туулан 18:22 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 2 хүүхэд, 15 том хүн, нийт 17 хүнийг гаргасан.
3.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сангийн далай багийн “Хөөтийн шар хөхий” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 133 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 13 км-т/тТус сумын харьяат малчин Э /51 настай, эрэгтэй/ 12.22-ны өдрийн 12:00 цагийн орчимд мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 12.23-ны өдрийн 03:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 12.23-ны өдрийн 11:39 цагт тус багийн Хүрэн-Овоо гэдэг газар /гэрээс нь баруун урд зүгт 7 км зайтай/-аас иргэн Г-ын гэрээс эсэн мэнд олсон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР