Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Булган, Говь-Алтай, Сүхбаатар, Сэлэнгэ,Төв, Хөвсгөл, Ховд, Хэнтий аймгуудын нутгаар цас орсон.Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:   Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 31-36 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчир, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 25-30 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 20-25 градус хүйтэн байна. 

Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, өдөртөө 26-28 градус хүйтэн байна.

Төлөв байдал:   29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 31-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 1 дүгээр сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 29-нд Алтайн уулархаг нутгаар, 30, 31-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 45-50 градус, өдөртөө 35-40 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 28-33 градус, цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн байна. 30-нд нутгийн баруун хагаст, 31-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

2. Гал түймэр:

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь багийн 19 дүгээр гудамжинд иргэн Б-ийн7х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.27-ны өдрийн 22:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 3.3 км зам туулан 22:36 цагт очиж 1 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Өвөр гүнт”-ийн “Задгай”-д иргэн Б-ын 10х12 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.27-ны өдрийн 11:25 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 7 км зам туулан 11:35 цагт очиж 3 цаг, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 15 км зам туулан 12:20 цагт очиж 2 цаг ажиллаж тус тус унтраасан.

Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хорооны “Гандан-Уул”-ын 2 дугаар гудамжинд иргэн А-ийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.27-ны өдрийн 11:51 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 16 км зам туулан 12:08 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны “Задгай”-д иргэн Б-ын 7х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.27-ны өдрийн 17:01 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 12 км зам туулан 17:20 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар хорооны “Задгай”-д иргэн Д-ийн 2х3 метрийн хэмжээтэй хүнсний мухлаг шатаж байна гэсэн дуудлагыг 12.27-ны өдрийн 19:57 цагт хүлээн авсан.  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 20.04 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан. 

3.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн “Бөгдөг” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 23 км-т, Ө-49°30’00”, У-92°43’12″/ 12.28-ны өдрийн 05:21 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс 05:33 цагт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн “Уувангийн хөндий” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 7 км-т/ Тус сумын харьяат малчин Ш /36 настай, эрэгтэй/ 12.27-ны өдрийн 17:00 цагт мориор мал тууж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 12.28-ны өдрийн 02:10 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 12.28-ны өдрийн 04:00 цагт тус багийн “Гашуун” гэдэг газар /гэрээс нь урд зүгт 10 км/-аас эсэн мэнд олсон. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top