Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Сүхбаатар аймгуудын нутгаар цас орсон. Бусад аймгуудаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Орхон-Сэлэнгийн сав газар болон Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар хойноос 5-10 м/с, нутгийн зүүн хэсгээр 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 34-39 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 25-30 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 20-25 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос 5-10 м/с. Өдөртөө 26-28 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 31-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 1 дүгээр сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 31-нд Алтайн салбар уулс болон Дорнод-Монголын тал нутгаар, 1-2-нд нутгийн өмнөд хэсгээр 13-15 м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтний эрч чанга хэвээр Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим,  Идэр, Тэс  голын хөндийгөөр шөнөдөө 45-50 градус, өдөртөө 34-39 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг,  Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус, цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна. 31-нд нутгийн баруун хэсгээр, 1-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

2. Гал түймэр:

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 21 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.28-ны өдрийн 19:21 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 19:25 цагт очиж, “Шим Могул” ХХК-ийн хүнсний дэлгүүрийн 10х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 2 цаг 30 минут ажиллаж унтраасан.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Наран багийн “Тал худаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 11.5 км-т/ Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Цогтцэций сумын чиглэлд “Синчи-Ойл” ХХК-ийн эзэмшлийн жолооч Б-ийн жолоодож явсан “Хово ZZ1257” загварын шатахуун тээврийн ачааны автомашины дугуй шатаж байна гэсэн дуудлагыг 12.28-ны өдрийн 23:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 11.5 км замыг туулан 23:10 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн “Мөргөцөг”-ийн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.28-ны өдрийн 16:37 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гурвантэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 67 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 16:39 цагт очиж, иргэн Д-ийн 9х4 метрийн хэмжээтэй сэндвичин байшин шатаж байсныг 17 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, Горхийн баруун салаа, Хөндлөнд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.28-ны өдрийн 16:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 25 км замыг туулан 19:05 цагт очиж, иргэн Г-ын байшингийн дээврийн хэсэг, 3х2 метрийн хэмжээтэй үүдний амбаар тус тус шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайны 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.28-ны өдрийн 21:16 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 21:20 цагт очиж, иргэн Ж-ийн 10х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 24 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.29-ний өдрийн 04:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 04:58 цагт очиж, иргэн Г-ийн 4 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн “Согоот гэдэг” газарт /аймгийн төвөөс урд зүгт 88 км-т, сумын төвөөс хойд зүгт 90 км-т/ Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат малчин Б /26 настай, эрэгтэй/ 12.26-ны өдрийн 21:00 цагийн орчим Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Хөвсгөл аймгийн Галт сумын төвийг өнгөрч мотоциклтой явж байна гэж Ж-тэй утсаар холбогдоод сураггүй болсон тухай дуудлагыг 12.28-ны өдрийн 08:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 13:41 цагт малчин Ж-г малаа оторлож байсан газраас 1 км-т “Тэмээн хүзүү” гэдэг газар малчин М-ээс эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Кино үйлдвэрийн дээд сургуулийн автобусны буудлын хойд талд дулаан дамжуулах шугамын худагт хүний цогцос байна гэсэн дуудлагыг 12.28-ны өдрийн 11:31 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 9 км замыг туулан 11:48 цагт очиж, нэр, нас, хаяг тодорхойгүй эрэгтэй хүний цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлж өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top